Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Б.Номинцэцэг: Өөх тосыг хаяна гэхээр л яс нь хавталзда

2016 оны 6 сарын 22-ны өдөр. Таван жилийн өмнөх зун Б.Номинцэцэгийн хувьд багаас өөрт суусан хүмүүжил, байгаль орчинг хайрлах, хүнд хэрэгтэй зүйл хийх хүсэл тэмүүллээ найзын хамт бодит болгосон өдөр.

Тэрээр хими-технологиийн ангийг төгссөн. Түүний найз ч бас мөн адил. Харин нэг ялгарах зүйл нь юм оёно, гарын ур дүйтэй сайтай. Нэг удаа найз нь түүнд “Өөх тосыг хаячихдаг юм байна. Хиамны цехүүд хөрсөнд булдаг гэж байна, үүнийг юм болгомоор байна. Ээж багадаа саван хийдэг байсан” гэж хэлж. Энэ үгийг сонсонгуутаа “Сайхан санаа байна, хоёулаа савангийн цех байгуулаад, үүнийг ер нь баялаг болгоод үзье” гээд эдийн саван анх хийж эхэлжээ.

Анхны саван цав цагаан өнгөтэй. Харахад тун гоё боловч өөх тосны үнэртэй. Хоёр найз анхны бүтээлээ хараад, үнэрлээд өөх тос үнэртсэн саван ч дээ, хүн бараг авахгүй дээ хэмээн нэлээн эргэлзжээ. Тэгээд туршилтын савангаа ойр тойрныхоо хүмүүст хэрэглүүлсэн байна. Хамаатан садан, хөдөө орон нутгийн малчин гээд боломжтой бүх хүнд хэрэглүүлж туршсан байна. Үнэр дээр эргэлзэж байсан хоёр бүсгүйн хувьд хэрэглэгчдийн сэтгэгдэл тун чухал байв.

Гэтэл хүмүүс үнэрийг нь ер тоохгүй “Ёстой гоё саван байна. Юун өөх тос, хуучны барааны савангийн үнэр үнэртэж байна. Их сайн хөөсөрч байна, бараг усанд ороход болохоор юм” гэсэн сайхан сэтгэгдлийг хэлжээ.

Ингээд л тэд үүнийг хийж болох юм байна, үргэлжлүүлье хэмээн дуу нэгтэй эхэлж, өдөртөө 200 ширхэг эко эдийн саван үйлдвэрлэдэг жижиг цехээ нээжээ. Найзынхаа санааг ажил болгосон ч тун удалгүй найз нь оёдолдоо илүү сонирхолтой учраас тэдний зам салсан гэнэ.

“Цехээ нээсний дараа их хэцүү байсан. Хөлөө олохгүй удаан явсан. Нялх хүүхэдтэй, хажуугаар нь ажилтай болохоор шантарч, бүр больё гэж бодсон. Болих дээрээ тулаад явж байгаад 2017 онд “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” гэж байдгийг дуулсан. Энэ төв яг над шиг бизнес хийх гээд чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийг дэмждэг гэж сонсоод 2017 оны 1 сард очиж уулзсан. Анхны уулзалтаас хэд хоногийн дараа дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр зарлах гэж байгаа, хөтөлбөрт хамрагдаж, тэнцэж чадах л юм бол бизнес төдийгүй хувь хүний хувьд маш том дэвшил, давуу талыг бий болгодог талаар тус төвийн Болорцэцэг менежерээс сонссон.

Ингээд л төслөө өгч “тэнцсэн” гэсэн хариу авснаар болихоор шийдсэн тухайн үед чухам юу үргэлжлүүлэх итгэлийг өгсөн талаар хуучилсан.

Дөрвөн сарын хугацаанд бизнесийг хэрхэн явуулах, санхүүгийн сахилга бат, бүтээгдэхүүний сурталчилгааг хэрхэн хийх зэрэг олон талын мэдлэгтэй болоод зогсохгүй санхүүгийн дэмжлэг ч авчээ.

“Инкубатор хөтөлбөрт орсноор миний бүтээмж ч дээшилсэн, бизнес эрхлэх анхан шатны бүх төрлийн мэдээллээ сургалтуудаас олж авсан.

Түүнээс гадна санхүүгийн дэмжлэгээрээ “Чиглэл” компаниар тос хайлуулдаг 100 литрийн тогоо захиалж хийлгэсэн. Бас “Голомт” банкнаас хөнгөлөлттэй зээл авч нэг удаадаа 450 ширхэг, өдөрт 1000 саван хийх хүчин чадалтай хэмжүүлэгч (хэв) авсан. Ингээд 2018 оны долдугаар сараас олноор нь үйлдвэрлэж эхэлсэн. Хөлөө олоод урам зоригтой болсон тул ажлаасаа жилийн чөлөө авсан. Өмнө нь Хархорин дээр ганцхан цэгээр худалдаалж байсан бол 2018 оны наймдугаар сарын 1-нээс хөдөө орон нутаг руу, хотын жижиг дэлгүүрүүд рүү нийлүүлж, худалдаалах цэгүүдээ 100 орчим болж нэмэгдүүлсэн” хэмээн урам зориг дүүрэн ярьж байна.

“Шантрах л хэрэггүй, замын дундаас юунд ч хүрэхгүйгээр буцаж болохгүй.”

Б.Номинцэцэг

Эмэгтэйчүүдийн хувьд гарааны бизнес эрхлэхэд бага зэрэг асуудалтай. Ажлаа хийнэ, үр хүүхдээ харна, гэр орон гээд нялх биетэй эмэгтэйн хувьд бүр ч ярвигтай. Энэ мэтчилэн хоногын 24 цаг багадсан хэцүү үед түүний хажууд үнэнч туслах, дэмжигч хань нь байсан учраас өнөөдрийг хүртэл явах нэг хөшүүрэг нь болжээ.

Б.Номинцэцэг “Хүүхэд нялх үед хажуугаар нь бизнес эрхэлнэ гэдэг хүнд. Зүгээр сайхан ажлаа хийгээд цалингаа аваад, үр хүүхдээ өсгөөд явж байхгүй, яагаад бизнес хийнэ гээд байгаа юм гэж өөрөөсөө асууна. Нэг бодохоор бизнес ч юм шиг нэг бодоход там ч юм шиг санагдаж, шантрах үе байсан. Ялангуяа борлуулалтаа хийх гээд явах үед “Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна” гээд дэмжих хүн байхад сэтгэлээр унатал харьцах хүн ч тааралдана. Ер нь ингэж хүн гуйгаад явах ямар хэрэг байна гээд хаячихмаар санагддаг үе байснаа нуухгүй. Тэр үед дотроо үүнийг түр зуурынх гэж бодоод, миний хүүхэд байнга нялхаараа байхгүй, өсч том болно, шантрахгүй, эцсийг нь үзнэ гэж өөрийгөө хурцалж байсан. Сэтгэлээр унах үедээ “Суутнуудын намтар” гээд Блүүмбергийн нэвтрүүлгийг ухраагаад л үзэж суухад хүмүүс тэр байтугай өр зээл авч, зовж зүдэрч байж амжилтад хүрсэн байдаг. Дардан замаар явж амжилтанд хүрсэн хүн байдаггүй. Тийм хүмүүсийн намтар их нөлөөлдөг. Шантрах л хэрэггүй, замын дундаас юунд ч хүрэхгүйгээр буцаж болохгүй гэж боддог. Багаасаа их шазруун өссөн. Ээж маань юм хийвэл хийсэн шиг хий гэж сургасан. Замын дундаас хаяна гэдэг ойлголт толгойд л орж ирнэ үү гэхээс, үйлдлээр бол хийж үзээгүй. Алхам алхмаар, бага багаар сайжруулаад л яваад байсан.

Анх бизнес эрхлэхдээ гэрийнхээ хэрэглээний мөнгийг зарцуулдаг байсан. Манай нөхөр ч их дэмжиж байсан. Эхэн үедээ цалингийн зардал, эргэлтийн мөнгөгүй болчихдог байлаа. Энэ тохиодолд нөхрөөсөө авдаг байсан. Манай хүний дэмжлэг байхгүй байсан бол би ер нь цаашаа явахгүй байсан байх гэж боддог. Хэдийгээр Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв дэмжиж өгсөн хэдийн ч нөхрийн маань дэмжлэг чухал байсныг дурдах нь зүйтэй” гэсэн юм.

Ахуйн хэрэглээний бараа хэрэглэгчдэд танигдталаа хоёроос гурван жил зарцуулдаг гэнэ. Тиймээс, энэ хүртэл хичээчихвэл нэг шат ахих гээд байгаагаа ч хэлж байсан.

“Саван хийх санааг нилээн удаан хугацаанд бодож байж эхлүүлсэн. Манай улсын савангийн зах зээлийн 99 хувь нь экспортоос хамааралтай, нэг хувиа ч бараг хангаж чаддаггүй. Ядаж 5 хувийг нь хангах үйлдвэртэй болохыг мөрөөддөг. Түүний төлөө хичээж байна” хэмээн Номинцэцэг хүсэл мөрөөдлөө хуваалцаж байна.

Монголын нөхцөлд хичнээн сайхан санаа байсан ч эхлэх хөрөнгө олох тун хэцүү. Санхүүгийн асуудлаа шийдэх гэхээр барьцаатай, хүү өндөр гээд олон бэрхшээл тулгардаг. Хатуугаар хэлбэл гарааны бизнест халтай. Гэсэн хэдий ч түүний хувьд энэ бүхэнд гарц болдог “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв” дээр очсон нь тун азтай хэрэг байжээ.

Өөх тосыг хаяна гэхээр л яс нь хавталздаг, өөх тосыг хаягдал болгох ёсгүй хэмээн боддог энэ бүсгүй эдийн саван төдийгүй олон төрлийн саван үйлдвэрлэхээр зорьж байна. Хэтдээ бол гэрийн эзэгтэй нарт тулгардаг, хаяж болдоггүй, хэрэглэх боломжгүй өөх тосыг хурааж, түүнийгээ савангаар солих боломж бий болгохыг зорьж байна. Малын гаралтай өөх, тосоо цуглуулж байгаад аваачиж өгдөг цехтэй, өөхийг бүтээгдэхүүнд хэрэгтэй, эцсийн тос болгоод суух нэг ажилтантай, тоног төхөөрөмжтэй байхад цаашаа явах юм шиг санагддаг. Нэг ч гэсэн ажлын байр нэмэгдэж, хог хаягдал багасна хэмээн Б.Номинцэцэг бүсгүй ярьж байна.