Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Нягтлангаас цүнх урлаач болсон Б.Ариунсанаа

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Инкубатор төсөл” төслийг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НЗДТГ, Канадын Гадаад хэргийн яам болон Азийн Сан хамтран 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тэдний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой хэрэгжиж буй төсөл юм. Төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш тус төвд 2000 гаруй эмэгтэйчүүд бүртгүүлсэн бөгөөд төвөөс зохион байгуулж байгаа сургалт үйл ажиллагаа, уулзалтууд, үзэсгэлэн худалдаа, аялалд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулдаг байна.

Нөхрийнхөө сонирхлоос санаа авч, цүнхэн доторх зүйлсийг цэгцтэй байлгах зорилгыг өмнөө тавьж, ажлаа эхэлсэн Б.Ариунсанаа. Тэрбээр хөлбөмбөг сонирхож, тоглодог нөхөртөө болон найзуудад нь анхны бүтээлээ хийж өгснөөс хойш олон төрлийн бүтээгдэхүүнийг хийж байна. Нягтлан бодогчоос цүнх урлаач болсон Б.Ариунсанаа сэтгэлдээ байгаа бизнесийн санаагаа тэнд нь хадгалах бус ажил хэрэг болгоод, туршиж үзсэн бизнес эрхлэгч эмэгтэй юм.

Хүн бүрт л ямар нэг бизнес санаа төрдөг. Түүнийгээ бодоод л байлгүй турших хэрэгтэй.

Б.Ариунсанаа

Анх хөлбөмбөгийн пүүзний цүнх урлаж байсан гэсэн. Яагаад заавал ийм бүтээгдэхүүн гэж?

Хоёр жилийн өмнө ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох санаа хайж эхэлсэн. Нөхөр маань сонирхогчдын багт хөлбөмбөг тоглодог байсан юм. Мөн дулаарахаар дугуй унадаг учраас цүнхний хэрэглээ их л дээ. Юу хийж болох вэ гэж бодож явтал нөхөр маань хөлбөмбөгийн шипиний цүнх оёвол ямар вэ гэв. Тухайн үед оёход амархан юм байна гэж бодоод хийж үзсэн.

Ингээд л фанатуудад зориулаад дэмждэг багийнх нь лого, тоглогчийн нэр, дугаартай хийж байлаа. Сарын дотор 50 гаруйг хийсэн. Ингээд фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ борлуулж эхэлсэн. Тухайн үед хүргэлт хийхэд төвөгтэй байсан учраас спорт барааны “Олимпус” дэлгүүрийнхэнтэй бүтээгдэхүүнээ борлуулах талаар ярилцсан юм. Тэд дэмжиж, хоёр салбарт нь худалдаалж эхэлсэн. Цүнхээ Их дэлгүүрт борлуулахыг хараад баярлаж байлаа.

Нягтлангийн ажил стресс ихтэй. Тийм болохоор хөлөө олтлоо бага зэрэг хэцүү байхыг нь мэдэж байсан ч өөрийн бизнестэй болж, түүнийхээ төлөө зүтгэе гэж бодсон.

Анхны бүтээгдэхүүн болоод өнөөдрийн бүтээгдэхүүнийг харьцуулбал ямар өөрчлөлт гарсан бэ. Хийх бүрт л сайжруулалт, нэмэлт шингэж байсан болов уу?

2017 оны тавдугаар сард “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн сургалтад сууж, харилцагч болсон. Бүх сургалтуудад нь сууж, олон зүйл мэдэж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн. Хөлбөмбөг, йогаар хичээллэдэг хүмүүстэй уулзаж, уут, цүнхнийхээ юуг нь сайжруулахыг хүсэж байна гэдгийг мэдсэний дараа цүнхээ сайжруулсан юм. Хөлбөмбөгийн багуудаас судалгаа авсан. Тамирчдын цүнхийг харж, юу нь дутагдалтай, яаж сайжруулбал тэдэнд илүү хэрэгтэй бол гэх мэтийг асуун, цүнхнийхээ шипи хийх тасалгааг агаар нэвтрүүлдэг болгосон гэх мэтээр үнэхээр л шинээр хийх бүртээ л өөрчлөгдсөөр өдийг хүрсэн.

Байгууллагын семинарт зориулсан захиалгын уут, урдаа шипи хийдэг, агааржуулалттай, нурууны хэсэгтээ гар утсаа хийх боломжтой хөлбөмбөгийн үүргэвч, шипиний цүнх, ариун цэврийн хэрэглэл, чихэвч, цэнэглэгчний уут, йогийн цүнх, фитнессийн эрэгтэй, эмэгтэй цүнх гээд л зориулалтаасаа хамаараад давуу талыг бий болгохоор зорьж байна.

Өнөөдрийг хүртэл санаагаа ажил хэрэг болгохоор зүтгэж байхад юу хамгийн хэцүү байв?

Алхам тутамд шийдвэр гаргах шаардлагатай болдог. Шийдвэр гаргах, санхүүжилт татах их хэцүү байсан. “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрөөс тоног төхөөрөмжөөр хангасан ч үйл ажиллагаа явуулах гэтэл эргэлтийн хөрөнгө дээр гацчихсан.

Тэгээд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газраас зохион байгуулсан, Баянзүрх дүүргийн гарааны бизнесийг дэмжих тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, улмаар Нийслэлд долоон дүүргээс шалгарсан багуудын гурван долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан юм. Дараа нь хоорондоо дахин өрсөлдөн, хоёрдугаар байранд шалгарснаар хоёр жилийн хугацаатай хүүгүй, барьцаагүй арван сая төгрөгийн зээл авсан.

Ингээд 2017 оны гуравдугаар сард ажлын байртай болсон. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв бага түрээстэй ажлын байраар дэмждэг. Гарааны бизнес эрхлэгчид нэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадваргүй. Бид ч тэгж л эхэлсэн. Гэртээ туршилтын бүтээгдэхүүнүүдээ хийгээд, эсгүүрээ оёдолчиддоо тарааж эхэлсэн юм. Гэр бүлийн хүн маань их түшиг болдог.

Түүх судлаач мэргэжилтэй ч гарын ур дүй сайтай учраас нөхөр маань эсгэж, би оёдог байв. Хамгийн анх 200 торны захиалга авч байлаа.

Та олон төрлийн сургалтад тасралтгүй хамрагдсаар байна. Сургалтад суухын давуу тал юу вэ?

Алдаа гаргахаас сэргийлдэг. Мэдэхгүй бол алдаа гаргана, түүнийгээ засах гэж цаг алдана. Ингэж яваад шантарна. Би Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвд ирээгүй бол, инкубатор хөтөлбөрт хамрагдаагүй бол шантраад энэ ажлаа орхих байсан. Сургалтуудын ачаар би санаагаа бизнес болгож чадсан. Шантрах, больё гэх үе байсан ч олон хүнээс шалгараад дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдсан нь хөшүүрэг болсон. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн ч чадаагүй хүмүүс олон байсан, олон хүн итгэл хүлээлгэсэн учраас ухрах замгүй, хичээх л хэрэгтэй гэж бодсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, санхүүжүүлэгч БНСУ-ын КОЙКА байгууллага, Азийн сангийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийн баг, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк зэрэг намайг харж байгаа олон байгууллага бий.

Хүн бүрт л ямар нэг бизнес санаа төрдөг. Түүнийгээ бодоод л байлгүй турших хэрэгтэй. Бизнесийн зөвлөхүүд хэрэглэгчдэд хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол юуг нь сайжруулахыг хэлээд өгдөг. Дээр нь ямар нэг зүйл хийе гэж бодвол сургалтад заавал хамрагдах хэрэгтэй. Шинэ арга барилд суралцаж байх нь чухал.

Цүнхэн доторх зүйлсийг цэгцтэй байлгах нь бидний нэг зорилго. Тиймээс спорт цүнхэндээ жижиг уутнууд дагалдуулъя гэж бодсон. Жишээлбэл, хөлбөмбөгчдөд зориулсан үүргэвчинд гутлаа хийх жижиг уутыг, эмэгтэй фитнесс йогийн цүнхэнд ариун цэврийн хэрэглэл, чихэвч, залгуур хийх жижиг уутнууд дагалдана.

Спортоор хичээллэдэг залуус их хөлрөмтгий. Бэлтгэлийн дараа гутал нь их хөлстэй болж, цаашлаад эвгүй үнэр орох магадлалтай. Тиймээс цүнх, дан уут нь агаар нэвтрүүлэх хэсэгтэй байх хэрэгтэй. Спорт болгон өөрийн онцлогтой, өөрийн тоноглолтой. Тэгэхээр энгийн цүнх тэр бүр тохирдоггүй юм.

Шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд анхны хөрөнгө оруулалт чухал шүү дээ. Оёдлын, логоны машинаас эхлээд ажлын байр түрээслэх гээд зардал багагүй. Хэрхэн шийдэв?

Анхны 50 бүтээгдэхүүний материалын зардлаа өөрөө гаргасан. Ажил хийдэг байсан учраас цалингаасаа зарцуулсан. Сарын хугацаанд 50 цүнх оёод дэлгүүрт байрлуулаад орхичихсон. Аль багийн логотой цүнх илүү зарагдаж байгааг мэдэхгүй байсан учир идэвхжүүлэлт хийх боломжгүй байв.

Тухайн үед би Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлдэг “YBM” төслийн сургалтад суусан юм. Тэндээс “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” төсөл хэрэгжиж байгааг мэдсэн. Ажилтай учраас ер очиж амждаггүй. Тэгээд жилийн өмнө зориг гаргаад ажлаасаа гарсан. Шууд л Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төвд очлоо.

Хоёр сарын турш тасралтгүй бүх сургалтад нь суусан. Ингээд долдугаар сард тэндхийн ажилтан шиг л бүтэн сар сууж төслөө бичсэн. Сарын дараа “Дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор” хөтөлбөрт тэнцэв. Энэ хугацаанд их зүйл сураад зогсохгүй, 4.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан. Мөн сая төгрөгийн чадавхжих сургалт авах боломжтой болсон. Бөхлөгч, шулуун оёдлын машин, лого буулгах пресс, уурын индүү ч авлаа. Мөн өөрт хэрэгтэй чиглэлээр ментор сонгож, жилийн хугацаанд зөвлөгөө авах боломж олгосон. Миний ментор бизнесийн зөвлөх хүн байдаг, борлуулалтын талаар их зөвлөгөө өгч, намайг чиглүүлдэг. Одоо “Урлах эрдэм” дээд сургуульд ганцаарчилсан технологийн сургалт авч байна.

Өмнө нь бизнес болгочихвол зүгээр санаа гэж бодож явснаас биш, яаж эхлүүлэх, хийх аргаа олохгүй байсан. Спорт цүнх үнэхээр хүмүүст хэрэгтэй юу гэдгийг ч мэдэхгүй явсан. Анхны сургалтад суугаад багшдаа санаагаа хэлэхэд багш Ливерпүүлийн фанат байж таараад, их дэмжсэн. Сургалтаар би хэрэглэгчээ ойлгох, бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, судалгааг яаж авах гээд олон зүйл сурсан.

Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

Ажлын байрны тоог байнга нэмэгдүүлж, олон ээжүүдийг ажлын байртай болгох, мөн үйлдвэрийн байртай болохоор зорьж байна.

Цүнх, даавуун тор

“ЦЭГЦ” БРЭНД

Утас: 8895-1669

Facebook: TSEGTS-Sport tsunkh @PrintedToteBag