Арван жилийн найзууд хамтран хөдөө хөрч, гадаа гандаж, дуртай зүйлийнхээ төлөө гараа барилцан, зүтгэж байна.
Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ хоёр дунд сургуулийн найзууд. Сургуулиа төгсөөд өөр мэргэжил эзэмшсэн ч тэд нэг зорилгод хөтлөгдөн хамтын бизнесээ эхлүүлэхээр шийдэн 2015 онд “Форэко” компаниа үүсгэн байгуулжээ.
“Форэко” компанийн “Нэкта” брэнд дан цэвэр зөгийн балтай байсан бол одоо зөгийн бал нимбэг, синнамон, цагаан гаатай дархлаа сэргээх цай, самартай зөгийн бал гээд гурван төрлийн бүтээгдэхүүнтэй болсон байна.
Алдаж онож, шантарсан ч зөв чигээ олон өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж буй бүсгүйчүүдийг онцлон ярилцлаа.
Б.Номин-Эрдэнэ: Анх 2015 оны 12 сард цуг академийн нэг анги байсан хоёр найзтайгаа нэг “юм” хийе гэж бодсон. Ярьж байгаад бизнес төслийн уралдаанд зөгийн аж ахуйн төслөөр орсон. Манай найзын гэр бүл жижигхэн зөгийн аж ахуйтай юм л даа. Анх энгийн жимсны чанамлын шилэнд хийгээд зардаг байсан. Байгаа нөөц бололцоогоо бодож байгаад, савлагаа, баглаа боодлыг нь өөрчлөөд гаргаж үзье гээд анх эхэлж байлаа. Хоёр жилийн дараа буюу 2017 оноос сав баглаа, боодол, загвар дээр ажиллаж эхэлсэн.
Анх зөгий их сонирхолтой санагдаж байсан. Манай найз бол их дуртай. Би төслийн эдийн засагчаар өөр салбар буюу уул уурхайн зөвлөгөө үзүүлдэг компанид ажилладаг байсан учраас бизнесийн ч юм уу, өөр салбарт орж ажиллая гэсэн сонирхолтой байсан. Тэр сонирхлынхоо үүднээс буюу бизнест нь туслалцаа үзүүлэн явж байгаад нэг мэдэхэд хоёулаа нэг замаар хөтлөлцөөд алхаж байна даа.
Зөгийн талаар сонирхолтой зүйлээс хуваалцвал. Зөгийн балыг хэрэглэдэг хэр нь түүнийг хэрхэн бэлтгэдэг талаар тэр бүр сонирхож байгаагүй юм байна.
Б.Номин-Эрдэнэ: Нэг зөгийн бүлд 20-40 мянган зөгий бий. Зөгий болгон өөр өөр үүрэгтэй. Ажилчин зөгий, эмэгчин зөгий, хатан зөгий гэх мэт. Зөгий бол хос ходоодтой. Нэг ходоодоороо цэцгийн балыг аваад, боловсруулаад, гаргаад өөрийн барьсан үүрэндээ хадгалдаг. Тэрийг нь бид нар хурааж аваад, тойргоор эргүүлдэг раманд хийчихдэг. Тэр дотроо өндөглөх хэсэгтээ өндөглөнө, балаа хураах хэсэгтээ хураана. Үүрний зохион байгуулалтыг зөгийчид зөв хийж өгөх ёстой. Тэгж байж зөв зохицуулна. Дараа нь бид бүрэн боловсорсон зөгийн балаа хаачихдаг. Боллоо гэж үзээд хаасан тэр нөхцөлд нь эргүүлдэг машинд хийгээд зөгийн балаа гаргадаг. Манайх зөгийн балаа бараг хайлуулдаггүй, бага зэрэг хайлуулж өтгөн зөгийн бал гаргадаг. Зөгийн бал нь өөрөө өөх тос шиг царцаж, хайлдаг бүтээгдэхүүн. Хөргөгчид хийчих юм бол талст болон хатуурна, дулаан орчинд шингэн төлөвт байна.
Манайх 45-50 гаруй бүл зөгийтэй, жилд дунджаар 1 тонн бал гардаг. Гэхдээ балны хэмжээнд байгаль цаг уур их нөлөөлнө. Их ургамалтай бол бал сайн хураана, гандуу бол гарц муу байдаг.
Хичнээн төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
Жилд гарч байгаа бүтээгдэхүүний тоо янз бүр байдаг. Нэг хэсэг төслийн уралдаанд оролцож байхад бүтээгдэхүүний тоо их байсан.
Энгийн, өдөр тутмын хэрэглээний зөгийн бал гэхээс илүү бэлгийн багц гаргах үед “Энэ бэлгийн багцыг захиалъя. Ээжид хүргээд өгөөч” гэдэг. Зөгийн бал дээрээ нэмээд бэлэг өгч байна гэдэг өөрөө их гоё мэдрэмж. Цагаан сар, шинэ жил гээд баяраар бэлгийн багц гаргах их дуртай. Зуны улиралд жуулчдад зориулсан бүтээгдэхүүнээ борлуулдаг. Жуулчид үзэсгэлэн худалдааны үеэр амсаж үзээд худалдаж авдаг. Энэ нь бидэнд бас их урам өгдөг.
Ажилтнаас бизнес эрхлэгч болоход хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл юу байв?
Б.Номин-Эрдэнэ: Мэдэхгүй, чадахгүй зүйл их байдаг юм билээ. Бүх зүйл толгой дээр ирдэг. Эхлээд шилээ захиалъя гэхэд яаж захиалахаа мэдэхгүй байсан. Таних хүн байхгүй тул танилын танил ч гэх юм уу, дам дамаа л захиалдаг байсан. Анх их томоор төсөөлөөд, бүх дизайнаа англи хэл дээр гаргана гээд шошгуудаа англи хэл дээр хэвлэчихсэн. Гэтэл бид нар юуны түрүүнд Монголдоо таниулах ёстой байтал буруу бодоод туршлагагүйтсэн. Аз болж бидэнд зөгийн аж ахуй, нөөц маань байсан учир анхандаа асуудал нэг их үүсээгүй. Гэвч яаж аж ахуйн нэгж байгуулах, оюуны өмчийг яаж хамгаалах талаар мэдлэг, туршлага байгаагүй ээ.
Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн хийж байв?
Б.Номин-Эрдэнэ: Юуны түрүүнд түүхий эдийн нөөц нь байсан учир тэр нөөцөө ашигласан. Шилээ цөөн тоогоор захиалдаг байсан. Шошгоо ч мөн адил цөөн тоогоор
захиалсан. Мөн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдаж, төслөөс тоног төхөөрөмжийн санхүүжилт авсан. Дараа нь дүүргийнхээ Старт-Апп уралдаанд оролцон, санхүүжилт авсан.
Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн талаар хэрхэн яаж мэдсэн бэ?
Б.Номин-Эрдэнэ: 2017 онд Г. Оюунгэрэл бизнесийн зөвлөх багшийн “Асуудлыг хэрхэн бизнес болгох вэ” гэсэн сургалтад суугаад, энэ төвийг мэдэж авсан. Үнэгүй сургалтуудад суугаад, багш нараас нь зөвлөгөө авч байгаад төвөөрөө дамжуулаад эхнийхээ үзэсгэлэн худалдаанд оролцсон. Тэнд шинэчилсэн сав баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж байсан. Хамгийн эхний том үзэсгэлэн бол МҮХАҮТ-ын зохион байгуулдаг “Жижиг, дунд бизнес ба инноваци” гэсэн үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнд оролцоод “Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд” гэсэн шагнал авсан нь бидэнд маш их урам өгсөн. Манай бүтээгдэхүүний сав, баглаа боодол илүү олон хэрэглэгчдийн сэтгэлд хүрч, органик бүтээгдэхүүн гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан учраас үргэлжлүүлэн хийх урмыг авсан. Анх удаа оролцож буй үзэсгэлэнгээсээ шагнал авсан нь бидний цаашдын ажилд эерэгээр нөлөөлсөн. Энэхүү шагналд Хөх хотын үзэсгэлэнд оролцох эрх дагалдсан юм. Хөх хотын үзэсгэлэн бидний төсөөлсөн шиг амжилттай байгаагүй ч, туршлага хуримтлуулсан.
Сургалтуудаас та ямар мэдлэг олж авав, юу нь илүү өгөөжтэй байсан бэ?
Б.Номин-Эрдэнэ: Бусад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй танилцах, уулзаж санал солилцох боломжтой болсон. Тус төвд бидний нэгэн адил бизнесээ өргөжүүлэхээр хичээж байгаа эмэгтэйчүүд байсан учраас мөн бидэнд ижил асуудлууд тулгарч байгаагаас үүдэн асуудлаа хамтдаа шийдэн, нэг нэгэндээ зөвлөгөө, эрч хүч өгдөг. Яг надтай ижил хүмүүс болоод байхад, би яагаад болохгүй гэсэн бодол төрөөд л ханцуй шамлаад л ордог доо.
Өөрийн гэсэн бизнестэй болчих юмсан гээд битүүхэндээ бодож яваа хүмүүст юу гэж хэлэх вэ?
Б.Номин-Эрдэнэ: Хэрвээ танд бизнес санаа байгаа бол хүмүүст танилцуулах хэрэгтэй. Бусад хүн санаа хулгайлчих вий гээд хадгалаад байх биш, аль болох хүмүүст хэлж, хүмүүс шүүмжилж байсан ч гэсэн бизнес санаагаа ажил хэрэг болгох нь зүйтэй. “Энэ хүн ингэж харж байгаа бол цаашдаа яах вэ?” гэх мэт гаргалгаа хайх байдлаар санаагаа нээлттэй хэлбэл боломжууд, гарц шийдэл нээгдэнэ. Дотроо хадгалаад байвал үйлдэл болохгүй, байрандаа хөдлөхгүй байгаад л байна. Тиймээс аль болох санаагаа хэлээд, тусламж гуйх боломжтой газарт нь хандаж үзээд, өөрөө нээлттэйгээр бизнес санаагаа танилцуулж сурах хэрэгтэй.
Хамтрагчтай байна гэдэг нэг талаар давуу тал боловч нөгөө талдаа ойлголцлын асуудал гарах үе бий. Энэ үед ямар чиг барьж ажилладаг вэ?
Б.Номин-Эрдэнэ: Мэдээж аливаа асуудалд санал зөрөлдөх үе байсан. Энэ хугацаанд бид хоёрын нэг сурсан зүйл гэвэл ярилцаж сурсан. Би яагаад ингэж бодсон бэ гээд яриад, “Энэ нь зөв юм байна, тэр нь зөв юм байна” гээд шийдэлд хүрч сурсан.
Хэцүү үед урам хайрладаг, түшээд авах шиг, түлхээд босгох шиг санагддаг ямар үг байдаг вэ?
Б.Номин-Эрдэнэ: Мартин Льютер Кингийн “Шатны төгсгөл хаана ч байсан хамаагүй. Хамгийн эхний алхмаа л хийсэн бол бүх зүйлийнхээ 50 хувийг хийсэнтэй дүйцнэ” гэсэн үг бий. Энэ нь хамгийн эхний алхмаа л хийчих, ямар нэгэн юмыг туршиж үзнэ л гэж бодож байгаа бол сүүлд харамсаж сууснаас туршаад үзчихвэл дараа нь алдаатай байсан хэдий ч сургамж болдог гэсэн утгатай. Хэзээ хойно “Тэгдэг байж дээ” гээд амаа барьж байснаас бүх боломжоо дайчлаад үзээд алдах хэрэгтэй.