Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Эрт илрүүлэг- Эрүүл элэг

Манай улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ бол дэлхийн дундаж үзүүлэлтээс 8 дахин их тоо юм. Мөн манай улсын 10 хүн тутмын нэг нь элэгний вирустэй болохыг 2013 онд хийсэн судалгаагаар нотолсон байдаг.

Архагшиж амь насанд хүрэх аюултай энэ өвчнөөс урьдчидан сэргийлэх нэгэн арга бол өвчнийг оношлуулах юм.

Олон сая хүн амтай улстай харьцуулахад манай улсын иргэдийн дунд элэгний өвчлөл өндөр байна. Нийт иргэдийн 10-12 хувь нь элэгний хепатиттай гэсэн судалгаа ч бий.

Элэгний а вирусын тухайд халдварт шар буюу бохир гар, ус зэргээс халдварладаг мөн шинж тэмдэг нь тэр даруйдаа илэрч хурдан эдгэрдэг. Тэгвэл в болон с вирусын тухайд гаднаас харагдах мэдрэгдэх ямар нэгэн зовиургүйгээс удаан хугацаанд илрүүлэлгүй явсаны улмаас хавдар элэгний хатуурал зэрэг хүнд өвчлөлд хүргэдэг. Улмаар цирёоз үүсгэн амь насаа алдахад хүргэдэг.

Элэгний вирусын өвчлөл нь багаж хэрэгсэл, ил байгаа шарх, шивээс хийлгэх, бэлгийн зам зэрэг олон аргаар хүнээс хүнд дамжин халдварладаг учир өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй юм. Тухайлбал элэгний В вирусээс өөрийгөө хамгаалахын тулд вакцинд хамрагдаж болох юм. Харин С вирусын хувьд одоогоор ямар нэгэн хамгаалах вакцин гарган аваагүй байна.

Вируст хепатитын халдвар өндөр байгааг иргэд эмчилгээ хийлгэхгүй байгаатай холбон ойлгож болно.

Эрт үед нь оношлон эмчилгээ хийлгэх нь эцсийн шатанд хүрч эрхтэнээ солиулахаас хэдэн зуу дахин бага зардалтай.

Иргэн өөрийгөө хамгаалахын тулд в,с,д вирустэй эсэхээ эрт оношлуулан, халдвартай гарвал эмчийн хяналтад орж эмчилгээний дагуу эмээ хэрэглэн хүнд өвчлөлөөс өөрийгөө хамгаалж, мөн гэр бүлээ ч хамгаалах хэрэгтэй юм. Үүнээс гадна тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж, архины хэрэглээг багасгахыг эмч зөвлөж байна.