1969 оны 7 дугаар сарын 20. Хүн төрөлхтөн анх удаа саран дээр хөл тавих түүхэн мөч ойртож байлаа. Гэвч “Аполлон-11” хөлгийн сарны модуль газардахаас хэдхэн хормын өмнө компьютер нь хэт ачаалалтай байгааг анхааруулж, дохиолол дуугарч эхэлжээ. Дэлхий даяар сая сая хүн амьсгаа даран хүлээж байсан тэр мөчид нислэгийг үргэлжлүүлэх боломж олгосон шийдлийн ард нэгэн эмэгтэйн удирдсан инженерүүдийн багийн олон жилийн хөдөлмөр байв.
Тэр эмэгтэй бол Маргарет Хамилтон. Программ хангамжийн инженерчлэлийн үндэс суурийг тавилцаж, компьютерын түүхийг өөрчилсөн тэрбээр 2026 оны 9 дүгээр сарын 30-нд 90 насандаа таалал төгссөнийг Массачусетсийн технологийн их сургууль (MIT) мэдээллээ.
1936 онд АНУ-ын Индиана мужид төрсөн Хамилтон математикч мэргэжил эзэмшиж, 1959 онд MIT-д ажилд оржээ. Тэр үед компьютер асар том хэмжээтэй, программчлал дөнгөж хөгжиж байсан бөгөөд программ хангамжийг өнөөгийнх шиг инженерчлэлийн бие даасан салбар гэж үздэггүй байв.
1965 онд Хамилтон NASA-гийн “Аполлон” хөтөлбөрийн программ хангамж боловсруулах ажилд нэгдсэн байна. Тэрбээр тус төслийн анхны программч, анхны эмэгтэй программч болж, улмаар сансрын хөлгийн удирдлага, чиглүүлэлтийн программ хангамжийг бүтээх багийг ахалжээ. “Аполлон” хөтөлбөрийн программ хангамж дээр 400 гаруй хүн ажиллаж байсан юм.
Алдаа гаргах эрхгүй программ
Хамилтоны ажлын хамгийн чухал зарчим нь компьютер алдаа гарсан ч хамгийн чухал үйлдлээ үргэлжлүүлэн гүйцэтгэх чадвартай байх ёстой гэсэн үзэл байв.
Энэ зарчим 1969 оны “Аполлон-11” нислэгийн үеэр шийдвэрлэх ач холбогдолтой болсон юм. Сарны модуль газардахаар ойртож байх үед компьютерын ачаалал хэтэрсэн ч Хамилтоны багийн бүтээсэн программ шаардлагагүй үйлдлүүдийг түр зогсоож, газардалтад зайлшгүй хэрэгтэй тооцооллыг тэргүүн ээлжид гүйцэтгэжээ.
Ингэснээр нислэгийн удирдлагын төв газардалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, Нил Армстронг, Базз Олдрин нар саран дээр амжилттай газардсан билээ.
Хамилтон программ хангамжийг зөвхөн код бичих ажил бус, алдааг урьдчилан тооцож, найдвартай ажиллагааг баталгаажуулах инженерчлэлийн салбар гэж үздэг байв. Тэрбээр “software engineering” буюу программ хангамжийн инженерчлэл хэмээх нэр томьёог түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Тухайн үед энэ нэр томьёог зарим хамтран ажиллагч нь хошигнол болгон хүлээж авдаг байсныг Хамилтон хожим дурсжээ. Харин өнөөдөр программ хангамжийн инженерчлэл нь дэлхийн технологийн хөгжлийг хөдөлгөгч үндсэн салбаруудын нэг болжээ.
Түүхэнд үлдсэн нэгэн гэрэл зураг
Маргарет Хамилтоныг олон нийтэд таниулсан хамгийн алдартай гэрэл зураг 1969 онд MIT-д авагдсан байдаг. Зурагт тэрбээр өөртэй нь бараг ижил өндөртэй овоолсон олон боть баримт бичгийн дэргэд зогсож буй.
Эдгээр нь түүний удирдсан багийн “Аполлон” хөлгийн сарны болон удирдлагын модулиудад зориулан боловсруулсан программын хэвлэмэл код юм.
Уг зураг олон арван жилийн дараа цахим орчинд өргөн тархаж, сансар судлал, компьютерын шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийн бэлгэ тэмдэг болсон билээ.
Хамилтон MIT-д ажилласныхаа дараа программ хангамжийн хоёр компани байгуулж, системийн найдвартай ажиллагаа, алдаанаас урьдчилан сэргийлэх технологийг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлжээ. Тэрбээр амьдралынхаа туршид 130 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна.
2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнд тус улсын иргэний дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медалийг гардуулжээ.
Хамилтон 2009 онд MIT News-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд хоёр дахь боломж байгаагүй. Үүнийг бүгд мэдэж байсан” хэмээн “Аполлон” хөтөлбөрийн үеийг дурссан байдаг.
Маргарет Хамилтоны өв зөвхөн саран дээр газардсан нэгэн нислэгээр хязгаарлагдахгүй. Компьютер алдаа гарсан үед хэрхэн ажиллах, хүний амь наснаас хамаарах системийг хэрхэн найдвартай бүтээх тухай түүний дэвшүүлсэн зарчмууд өнөөдрийн программ хангамжийн инженерчлэлд ч ач холбогдлоо хадгалсаар байна.
Хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьсан түүхийг Нил Армстронгийн нэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин тэрхүү түүхэн алхмыг боломжтой болгосон инженерүүдийн дунд Маргарет Хамилтоны нэр мөнхөд үлдэх юм.
Эх сурвалж: MIT News, 2026.10.07