“Өөрөө сэтгэл хангалуун худалдаж авах зүйлээ л бүтээгдэхүүн болгон гаргадаг. Тийм ч учраас хэрэв тухайн бүтээгдэхүүн миний сэтгэлд хүрэхгүй бол сэтгэлдээ хүрэх хүртлээ хийсний дараа худалдан авагчид өгдөг. Зарим тохиолдолд хэрэглэгчийн хүссэн шиг хийж чадахгүй гэж бодогдох юм бол шууд захиалгыг хийж чадахгүйгээ хэлээд өөр газар сонгохыг санал болгодог. Өөрийн хамгийн сайнаар хийгээд тухайн хүний сэтгэлд хүрэхгүй байхаар бол үнэнээр нь л хэлдэг. Түүнээс аргалж өнгөрөөхийг боддоггүй. Хамгийн гол нь үнэнч, шударга байхыг хичээдэг” хэмээн ярих энэ бүсгүй дөнгөж 27 настай.
25 нас зарим хүнд хэдийн ажил амьдрал цэгцэрсэн мэт санагдавч үнэндээ дөнгөж л хөлөө олж ядан байх нас. Зарим хүний хувьд их сургуулиа төгсөөд компанийн залуу ажилчдын тоонд багтаж, ид суралцах нас. Харин бизнесийн хувьд шинэ тоглогч болох нь мэдээж.
Түүний хувьд 4 жил гаруйн өмнөөс л өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулж, цаашид улам ихийг хийхээр тэмүүлэн байгаа юм.
Амар ажил гэж үгүй. Үүний л адилаар Анар-Эрдэнэ өөрийн бизнесийн түүхийг бичиж буй эмэгтэй. Хамгийн гол нь түүнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж, илүү сайн хичээн ажиллах урам зориг дүүрэн байгааг түүний амжилтын түүх илэрхийлнэ.
2018 оны 12 сарын 10. Энэ өдөр түүний анхны бүтээгдэхүүн “мэндэлжээ”. Зочид буудал, зоогийн газрын менежментээр мэргэшсэн Анар-Эрдэнэ ширээний бүтээлэг, нарийн дэвсгэр гэх мэтчилэн ширээтэй холбоотой зүйлүүд хийж эхэлжээ.
2018 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Анар- Эрдэнэ загвар, материалын судалгаа хийж, жижигхэн оёдлын машин худалдаж аван туршилт маягаар эхний бүтээгдэхүүнээ хийсэн байна. Шинэ жил болоод ч тэр үү, худалдан авалт маш сайн байж, хүмүүс маш их дэмжсэн нь түүнд урам өгсөн байна. 20 хоногийн дотор бүтээгдэхүүнээ худалдан ойролцоогоор 1.2 сая төгрөгийн орлого олж байсан талаараа тэрбээр хэлсэн юм.
“Хэрвээ та жижиг гэлтгүй бизнес эрхлэхээр шийдсэн бол гэрээсээ эхэл. Илүү зардал гаргахгүй, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, эргэлттэй болсон цагтаа дараа дараагийнхаа шатыг төлөвлөхгүй бол яг ашиг олж эхэлж байхдаа хэтэрхий их зардал, санхүүгийн дарамтад орох эрсдэлтэй. Тиймээс хүлээцтэй, тууштай байх хэрэгтэй. Хийж байгаа хүн заавал үр шимийг нь хүртдэг.”
Э.Анар-Эрдэнэ
Харин одоо түүний бүтээгдэхүүнүүд дэр, ор хөнжлийн даавуу, хормогч гэх мэт гэр ахуй, эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмж, LAGOM хэмээх урланг үүсгэн байгуулж, даавуун эдлэлийн дизайнер болжээ.
Жижигхэн ахуйн зориулалттай оёдлын машинаар өдөр шөнөгүй бүтээгдэхүүнээ оёж байсан ч 12 сарын сүүл гэхэд машины хүчин чадал захиалгаа гүйцэхгүй болсон тул бизнесээ өргөжүүлэх нь зүйтэй, гэртээ жижиг оёдлын машин, ганц хүнд найдаж болохгүй хэмээн боджээ.
“Юм хийх хүсэлтэй мөртлөө санхүүгийн хувьд боломжгүй байгаа хүмүүсийг улсаас дэмждэг юм болов уу. Жижиг бизнес эрхлэгчдийг дэмждэг газар байдаг болов уу гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Нийгмийн сүлжээг нийтээр хэрэглэдэг болсон энэ үед хамгийн түрүүнд фэйсбүүкээр хайлт хийсэн. Ингээд л “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” гэдэг байгууллагын талаар анх уншиж байлаа. Шууд л пэйж хуудас руу нь орж, дугаарыг нь аваад утас цохисон. Гэтэл яг одоо манайд төслийн сонгон шалгаруулалтад материал хүлээн авч байна. Шалгаруулалт 1 сарын 4-нд болно, та ороорой гэдэг юм байна. Уухайн тас “оръё” гэсэн.
Төсөлд хамрагдахын тулд заавал тус төвөөс явуулдаг сургалтад хамгийн багадаа хоёр удаа суусан байх ёстой гэсэн учраас маргааш нь шууд очоод сургалтад суусан. Ингээд долоо хоног өдөр шөнөгүй төслөө бичээд, дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт тэнцэж чадсан даа” хэмээн тэрбээр тун чиг сэтгэл хангалуун ярьсан юм.
Тогтвортой ажиллахын тулд стратеги төлөвлөгөө, хэрэглэгчийн хүсэл шаардлага гэдэг зүйлийг маш сайн ойлгож мэдэхэд түүнд “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн багш, менторууд тусалжээ. Мөн бүтээгдэхүүний сайжруулалт, сурталчилгааг хэрхэн хийхээс эхлээд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх төдийгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг ч энэ төслөөс авсан байна.
“Ихэнх хүмүүс өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлээ олж чаддаггүй, зарим нь бүр насаараа олж чадахгүй дуусдаг. Хүн хэрэв дуртай зүйлээ олчихвол ажил нь амралт, амралт нь ажил болж чаддаг гэдэг. Хийж байгаа зүйлээсээ аз жаргал мэдэрч байж тайван, урам зоригтой ажиллаж чадна. Хэрвээ дуртай зүйлээ олчихсон мөртлөө хийхгүй явж байгаа бол зориг гаргаад эхлээд үзэх хэрэгтэй.”
Э.Анар-Эрдэнэ
Өөрийн хүсэл мөрөөдөл, дуртай зүйлээ хийж бусдад бага боловч сайхан зүйлсийг мэдрүүлэхээр хичээж буй бүсгүй усан ягаан өнгийн хөшигтэй, тохилог урлангаа дахин томруулж, цагийн ажилтнуудаа үндсэн ажилтан болгон айл гэр бүрд тав тухыг мэдрүүлэх бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхээр хичээн ажиллаж байна.
Хоум декорэшн
“LAGOM” БРЭНД
Утас: 99907873
Фэйсбүүк хаяг: LAGOM