Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хаана асуудал байна, тэнд бизнес бий

“Хаана асуудал байна, тэнд бизнес бий” гэж үг бий. Тэр асуудал нь том уу, жижиг үү гэдгээс үл хамаараад шийдвэрлэж чадаж л байвал тэр амжилттай бизнес гэсэн үг. Энэ үгийг батлан харуулсан нэгэн эмэгтэйг танилцуулъя.

Намирсан зөөлөн, хармагцаа л үсээ ямар шампуниар угаадаг бол гэсэн бодол төрүүлсэн энэ эмэгтэйг А.Оюунчулуун гэдэг. Арав гаруй жил БНСУ-д оёдолчноор ажиллахын зэрэгцээ багагүй хугацаанд савангийн үйлдвэрийн савлагааны хэсэгт ажилласан түүний хувьд эх орондоо ирээд өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэн, амжилттай яваа бүсгүй.

Харин нүд булаасан үсний тухайд өөрт болон гэр бүлдээ тулгарсан асуудал буюу үс уналтыг нам дарахгүй ч намжаахаар зорьсон зорилгынх нь бодит үр дүн болсон халгайтай савангийн ач тус.

“2011 онд Монголд ирээд хийх ажилгүй, ямар нэг зүйл эхлүүлсэн ч замынхаа дунд зогсоод байлаа. Гурав дахь хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа энэ ажлаа эхэлсэн. Солонгост байхдаа очдог байсан сүмийн багш нар 2015 оны зун Монголд ирсэн юм. Тухайн үед үс уналтын талаар яриад, халгай түүж Солонгос руу явуулна гэж ярьдаг юм байна. Энэ ярианаас л халгайтай саван хийх санаагаа олсон. Эхлээд өөрөө хэрэглэж үзээд, ойр тойрныхоо хүмүүст хэрэглүүлж сэтгэгдлийг нь сонсон, түүхий эдээ нэмж хасаж, өөрчилж, туршиж үзсэний эцэст бүтээгдэхүүнээ бэлэн болгож, холбогдох зөвшөөрлүүдийг нь авсан” хэмээн анх хэрхэн эхэлж байсан түүхээ тэрбээр хуваалцсан юм.

Бизнес санаагаа 2015 онд олсон хэдий ч яг ажил хэрэг болгосон нь жилийн дараа. Тухайн үед Солонгост ажилладаг дүүгээсээ 300 ширхэг саван хийх материал авснаа 1000 ширхэг хийх дайны болгон өсгөжээ. Дүүгийнхээ явуулсан саван хийх түүхий эд дээр өөрөө халгай, оливын тосоо авч нэмэн анхны зах зээлд гаргах бүтээгдэхүүнээ хийж эхэлжээ. Тэр жилийнхээ зун Солонгосоос ирсэн хүмүүст халгайтай савангаа таниулснаар цааш үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Амар, хялбар бизнес гэж хаа ч үгүй. Тэрээр шат даваа бүрдээ л мэдэхгүй, чадахгүй зүйлтэй нүүр тулж байв. Бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтаар шалгуулах, эрүүл ахуйн шаардлага хангах, ажлын байр гээд олон асуудалтай тулгарсан хэдий ч үүнтэй зэрэгцэн гарах гарцууд нь ч мөн адил нээгдэж байсан гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

“Амар хялбар бизнес гэж үгүй. Ямар ч ажил хийсэн шантрахгүй үргэлжлүүлэх нь чухал.”

А.Оюунчулуун

А.Оюунчулуун “Ер нь ямар ч ажил хийсэн шантрахгүй үргэлжлүүлэх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Сүүлийн үед органик орц, найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо эрс нэмэгдсэн боловч эцсийг нь үзэхгүй шантраад үлдэж байгаа хүмүүс олон. Миний ганц барьж байгаа зарчим бол тууштай байх. Би хэдий мэдлэг туршлагаар дутагдаж байсан ч гэсэн тууштай л хийе, эцсээ хүртэл явъя гэж бодож ирсэн. Анх итгэл найдвараар эхэлсэн, цаашдаа өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй болно, үйлдвэртэй болно гэсэн итгэл найдвараар жигүүрлэж явна” хэмээн хүсэл хуваалцлаа.

Олон удаагийн туршилтын үр дүнд, хийх тусам савангийн чанар, өнгө үзэмж төдийгүй хайрцаг сав хүртэл сайжирч байсан хэдий ч бизнесээ цаашид хэрхэн үргэлжлүүлэх учраа олохгүй шантрах, цаашаа явахгүй зогссон үе түүнд бий.

Энэ үедээ тэр Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвтэй хувь тавилангаар “учирчээ”. Хувь тавилангаар хэмээн тодотгох нь учиртай. Тэр өдөр автобусных нь карт хугарч, солиулахаар олны хэлж заншсанаар шилэн банк оржээ. Ингээд л шилэн хаалгатай өрөөний гадна “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Төв” гэсэн бичиг байхыг харсан байна.

“Анх Төв дээрээ ирэхэд би маш их шантарчихсан, хаашаа явж, хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больсон байсан. Зуны улиралд Солонгосчуудад орчуулга хийхээс эхлээд завгүй байдаг учраас энэ ажлаа дуусгаад есдүгээр сард төвдөө ирж бүртгүүлээд, бүх сургалтуудад сууж эхэлсэн. Миний тасралтгүй, тууштай, улам илүү хийх сэтгэл, мөрөөдлөө бодит болгох алхмыг энэ Төв нээж өгсөн.

Төрийн ч бай хувийн ч бай ихэнх газрууд зөвлөгөө авч, асуулт асуухад ихэвчлэн хүйтэн хөндий харьцдаг. Гэтэл Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Төв рүү ороход тэс өөр орчин угтсан. Сургалтад сууж байх хугацаандаа энд байгаа эмэгтэйчүүдээсээ тусламж авч, Г. Болорцэцэг багшийнхаа тусламжтай төслөө бичиж дуусган, заавар зөвлөгөө авч, бизнес төлөвлөгөөгөө гаргасан. Төслийн сонгон шалгаруулалтад орсон 29 хүнээс 9 гарааны бизнес эрхлэгчийг шалгаруулж авсан. Тэдний нэг болсондоо туйлын их баяртай байдаг. Төслийн танилцуулга хийхэд Г.Оюунгэрэл багш, Төвийн менежер Н. Эрдэнэчимэг нар маш их дэмжиж, чиглүүлж өгснийг дурдах нь зүйтэй.

“Хүн ер нь өөрийнхөө одоо байгаа орчноос гаран, эрэл хайгуул хийх хэрэгтэй. Эрж хайж, хичээх тусам бидэнд гарцууд нээгдэж байдаг. Үүнийг л маш сайн ойлгож ухаарсан” хэмээн тус Төвөөс олж авсан мэдлэгийнхээ талаар хуваалцсан юм.

Тэрээр эмэгтэйчүүддээ хандан өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө алхаж, тууштай хөдөлмөрлөх ёстойг сануулан, эрэл хайгуул хийхийн зэрэгцээ чадахгүй зүйлээ хэн нэгнээс ичиж зоволгүй асууж сурах хэрэгтэйг онцоллоо.

А.Оюунчулуун 2017 оны 11 сард дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор Төсөлд шалгарч, 5 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтээр шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авчээ.

Өөрт хэрэгтэй ургамал бутлагч, тавиур гэх мэт зүйлийг хэзээ нэг цагт авна даа хэмээн судалсан нь ч цагаа олсон хэрэг байв. Тухайн үед дээрх зүйлс нийлээд 770 мянган вон болж байсан бөгөөд сургалтад сууснаар хаанаас юуг хэрхэн худалдаж авах талаар ч судалгаа хийх чадвартай болсон талаараа хуучилж байв. Өөрөөр хэлбэл тэрбээр дээрх зүйлсийг Монголоосоо илүү хямдаар худалдан авч чаджээ.

А.Оюунчулууны эрхэлдэг “Солонго” брэнд байгалийн гаралтай цэвэр түүхий эдийг ашиглан, гар аргаар хийсэн есөн төрлийн савангаас гадна уруулын будаг, хатуу үнэртүүлэгч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Халгайтай савангаас гадна Гардина цэцгийн саван, кактус, индиго цэцгийн саван, чацарганатай, кофетой, броколлитой саван, хулс модны нүүрсээр хийсэн хар батганы саван нь ургамлаасаа шалтгаалаад цайруулж, чийгшүүлж, гүн цэвэрлэх, диатез, батгашилт, нарны харшилд сайн гэдгийг тэрбээр тодотгосон.

“Солонго” брэндийн бүтээгдэхүүнийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн Инкубатор төв болон Улаанбаатар галерей худадааны төвөөс худалдан авч болох юм.

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийн багийнхан хэрэглэгчийн хүсэл, сонирхол чухал болохыг сануулсан тул одоо тэрбээр “1000 хэрэглэгчийн дэвтэр” хөтлөн, байнгын хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг бичүүлж байна.

Туршлага, асуудал, хүсэл мөрөөдлөөс бүтсэн түүний “Солонго” брэнд цаашид шүдний оо, шампунь, биеийн тос, шингэн савантай багц гаргахаар төлөвлөхөөс гадна хотын төвд өөрийн гэсэн ажлын байртай болж, нэрийн дэлгүүртэй болох зорилго өвөртлөн хөдөлмөрлөж байна.