Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Токсик ажилтны таван төрөл, тэдэнтэй харилцах арга

Анх нийтлэгдсэн:  DECEMBER 14, 2022  WORKHUMAN EDITORIAL TEAM

Багт нэг л хортой ажилтан байхад тухайн багийн ажлын бүтээмж 30-40 хувиар унах эрсдэлтэйг Роттердамын менежментийн сургуулийн судалгаанд онцолжээ. Токсик ажилтан нь хамтран ажиллагсад, байгуулагын үйл ажиллагаа, эд хөрөнгөд хохирол учруулж, ажлын байранд сөрөг, дайсагнасан уур амьсгал бий болгож, бусдад ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болж, эцэст нь ажлаасаа гарахад ч хүргэдэг. Гэвч хүний нөөцийн ажилтнуудад тухайн хүний гаргаж буй хортой үйлдлүүдийг зогсоож, нөхцөл байдлыг залруулах боломж үргэлж бий. Юун түрүүнд хортой гэгдэж буй ажилтан энэ үйлдлээ өөрөө ч мэдээгүй байх тохиолдолд байдгыг санууштай.

Тэд хамтран ажиллагчдаа дээрэнгүй ханддаг, ажлаа тасалдаг, бусдын ажлыг өөрөө хийсэн болдог, ямар ч үйлдэл хийхгүй хэрнээ байгууллагынхаа талаар гомдол гаргадаг, бусдын ажлыг нураадаг, өөрийнхөө алдаанд бусдыгаа буруутгадаг, хэрэгцээгүй ажил даалгадаг, байнга өрсөлддөг, хэт мэдрэг, эсвэл өөртөө хэт итгэлтэй гээд олон “улаан дарцаг” дэрвүүлж байх нь бий. Цаашлаад хов хөөцөлддөг, бусдыг ичгэвтэр байдалд оруулж, урам зоригийн нь мохоож, ажлын хамтрагчид болон харилцагч үйлчлүүлэгчдийг хувийн зорилгодоо ашигладаг. Эдгээр хүмүүсийг ерөнхийд нь тав ангилах боломжтой.

Дээрэлхүү: Бүгдийн дээр, анхаарлын төвд байх дуртай энэ хүмүүс өөрөөсөө бусдыг амжилтаараа хүлээн зөвшөөрөгдөхийг харж тэсдэггүй. Ийм хүний дэргэд байгаа бусад ажилтан эцэстээ шинэ санаа гаргаж, үзэл бодлоо илэрхийлэхээ больдог. Ингээд ажлын орчин дайсагнасан уур амьсгалтай болж, итгэлцэл арилна.

Шулаач: Бусдын хөдөлмөрийг мөлждөг энэ хүмүүс ажлыг хойшлуулахдаа мэргэшсэн байна. Аливаа ажлыг өөрөөсөө түлхэнэ, ажилдаа хоцрох бүр тасалдаг зуршилтай. Цагийн ажлаа хоцроож, үйлчлүүлэгчид чирэгдэл учруулснаар байгууллагад бүхэлд нь нөлөөлөх аюултай.

Тэсрэгч: Галт уул мэт энэ хүмүүсийг хэзээ тэсрэхийг тааварлах аргагүй. Ийм ажилтнууд гэнэтхэн л уурлах, эсвэл хэрэгцээгүй зүйл дээр ширүүн маргаан өдүүлнэ. Өөрсдийн санаа, үзэл бодлоо тулган шаарддаг тул бусдынха урам зоригийг мохоодог. Дээрэлхүү ажилтнуудтай адилаар тэд нийтийн сэтгэл зүйд аюултай. Энэ төрлийн зан байдалтай ажилтнаас шалтгаалж зарим харилцагч танай байгууллагатай хамтрахаас татгалзах талтай.

Сөрөг: Үргэлж сөрөг хандлагатай явдаг энэ хүмүүс ажлын байранд байж болох хамгийн муу нь. Яагаад ч юм тэдний сонирхлыг юу ч татдаггүй. Хийж байгаа ажил нь уйтгартай, бусдынхаа ажлын үр дүнд хэзээ ч сэтгэл дүүрэн байхгүй. Энэ хүний гомдоллохыг сонссон хэн ч ажиллах урам зориггүй болно. Сөрөг хандлагатай хүмүүс бусдынхаа бүтээлч байдалд санамсаргүйгээр саад хийдэг.

Оготно: Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр ажлаасаа нэг өдөр амралт авдаггүй, үдийн хоолонд гадагш гарах ч завгүй хүн. Шаргуу ажилладаг энэ хүмүүс ямар ч ажлыг өөртөө хүлээж авдаг. Хэдий хүний нөөцийн ажилтнуудын мөрөөдлийн нэгэн шиг санагдавч тэд “токсик” ангилалд багтана. Нэгдүгээрт ингэж улайрч ажиллах нь тэдний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлнө. Хоёрдугаарт хэт өөдрөг, махруу хандлагаасаа болж зарим ажлаа алдаж, бусад хүнийхээ сурч мэдэх, туршлага олж авах боломжийг хулгайлдаг.

Цаашид та эдгээр хүнтэй ажиллахдаа дараах зарчмыг баримталж болох юм.

  1. Зан байдлынх нь учир шалтгааныг тогтоох
  2. Нотолгоо баримтад үндэслэн ярилцаж, үйлдлийнх нь болзошгүй үр дагаварыг ойлгуулах. Энэ төрлийн зан авир гаргаж буй эсэхээ шинжих мэдээлэл урьтаж өгөх, болохгүй гэдгийг мэдүүлж урьдчилан сэргийлэх
  3. Аливаа асуудлыг үг хэлээрээ шийдэх, нээлттэй харилцахад дэмжлэг үзүүлэх
  4. Ажилтнууддаа өсч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх санаа сэдэл өгөх. Зан байдлаа засч сайжирч байгаа бол баяр хүргээрэй.

Хүний нөөцийн ажилтан та дээрх хортой зан байдал гаргаж буй ажилтантай ярилцаж, учир шалтгааныг тогтоож, ямарваа дүгнэлт хийхээсээ өмнө тэдэнд өөрийгөө тайлбарлах боломж олгоорой. Тэдэнтэй тулж ажиллах нь нөгөөтэйгүүр байгууллага дотор бий болсон асуудлыг нээн илрүүлж, засах боломж ч байж болох талтай юм. Эх сурвалж: https://www.workhuman.com/blog/toxic-employees/