“Бүсгүй хүн зовлон шаналлын машин” хэмээн Пикассо тэртээ 1943 онд хайрт Франсуаза Жилодоо хэлжээ.
“Миний хувьд эмэгтэйчүүд нэг бол тэнгэрийн дагина, эсвэл шалны арчуур” гэсэн хэсэгт хуваагддаг гэж зураач 61 настайдаа 21-тэй оюутан бүсгүйд хэлсэн гэдэг.
Рембрант, Гояа нараас Боннард, Стэнли Спенсер хүртэл зураачид гэргий, дурлалт бүсгүйчүүдийнхээ нүүр царай, бие махбодийг шунан дурлан,асар олон удаа зурж, дүрслэн үлдээж, энэ зургууд нь ч хэргээ гаргасан байдаг.
Гэвч тэдний хэн нь ч 20-р зууны агуу зураач Пабло Пикассотой адил эмэгтэйчүүдтэй эд зүйл мэт харьцаж, зүй бус хандаж байгаагүй юм.
2015 онд Лондоны Үндэсний Галлерейд нээгдсэн Пикассогийн үзэсгэлэнгээс урлагийн үйл хэргийнхээ төлөө Пикассо эмэгтэйчүүдийг хэрхэн ашигладаг байсныг харж болно.
Энд эмэгтэй хүнийг энхрий, чаминаас гадна тарчлан зовж, хэсэг хэсгээр тасчуулсан байдалтайгаар дүрсэлсэн байв.
Эдгээр зураг хэдийгээр зүрх шимшрэм харагдаж байгаа ч энэ зургуудыг бүтээх болсон санаа сэдэл бодит явдлын дэргэд юу ч биш билээ.
Пикассогийн амьдралд чухал байр эзэлсэн ердөө долоон эмэгтэй байсны хоёр нь амиа егүүтгэж, мөн хоёр нь галзуурч амьдрал нь төгссөн байдаг. Бас нэг бүсгүй зураачтай холбогдоод дөрвөн жилийн дараа таалал төгссөн юм.
Пикассо олон арван, магадгүй олон зуун бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байсан ч хамгийн сүүлийн долоон бүсгүйгээс бусад хэнд нь ч зүрх сэтгэлээ өгөөгүй гэдэг. Энэ бүсгүйчүүд Пикассог зураачийнхаа хувьд өсч хөгжих хурдасгуур болсон юм.
Уран бүтээлийн замналын өөр өөр цаг үед гарч ирсэн бүсгүйчүүдийг зураачид визуал шинэ хэлний хувьслын санааг төрүүлсэн эсрэг тэсрэг идеалууд гэж болно. Тэд зураачгүйгээр амьдарч чадахгүй болтлоо татагдсан байсантай адилаар Пикассо ч тэднээс хамааралтай байв.