Нэг л өдөр хүүхэд мэндэлж аав болно гэдэг баяртай ч бас хүндхэн туршлага. Аавууд сэтгэл санаагаа бас тулж ирэх бэрхшээлд бэлдэж чадвал амьдралынхаа энэ үеийг стресс багатай, сэтгэл дүүрэн давах ч боломжтой. Ингэхийн тулд эхлээд юунаас болж стресстэй болдог талаар танилцъя.
Стрессийн эх үүсвэрийг таних
Хэн ч нярай хүүхэд арчлах амархан гэж хэлээгүй. Анх аав болж байгаа эсвэл нярай өсгөх талаар мартсан аав та дараах асуудалд санаагаа чилээх өндөр магадлалтай. Үүнд:
– Аавд ажлаас олгодог “аавын долоо хоног” маш богино. Хүүхдээ төрсний дараа ажлаасаа чөлөө авах, хуваарийн дагуу ажиллах, шинэ хүндээ цаг гаргах хэцүү.
– Хариуцлага. Нярай хүүхдэд тогтмол арчилгаа шаардлагатай. Цагаар хооллохоос эхлээд живх солих, уйлахад нь тайвшуурлахтаа зэрэгцээд гэр орны ажлыг мартаж болохгүй. Хүүхэдтэй болохоосоо өмнө хэнээс ч хараат бус амьдралын хэв маягт дассан эрчүүдэд гэнэтийн хариуцлагаас үүдэлтэй стресс үүснэ.
– Дутуу нойр. Хэдхэн шөнийн гүн, чанартай нойроо алдахад л амьдралд шууд нөлөөлнө.
-Санхүүгийн бэрхшээл. Эх амаржих, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, живх, хувцаснаас эхлээд зардал овоорч эхэлнэ. Ялангуяа орон сууцны зээлтэй, хүүхдээ асруулахаар хүн хөлсөлж авсан, цаашлаад ээжийн хүүхэд асрах чөлөө цалингүй, бүр ажлаасаа гарсан тохиолдолд санхүүгийн бэрхшээл үүснэ.
-Эхнэр/найз бүсгүйтэйгээ өнгөрөөх цаг багасна. Хүүхэдтэй болно гэдэг, эсвэл хүүхдийн тоо нэмэгдэнэ гэдэг эхнэр, найз бүсгүйнхээ бүрэн анхаарал, хайр халамжийг бусадтай хуваана гэсэн үг. Шинэхэн аавуудад эхнэр нь тоохгүй, анхаарахгүй байгаа мэт санагдаж, гомдох явдал тохиолддог байна.
-Бэлгийн харилцаа үгүйрэх. Хүүхэд төрүүлсний дараа эхийн бие сэргэх хугацаа урт, бие махбодын хувьд ядарч туйлдах, стресстэх зэрэг нь хосын бэлгийн харилцаанд нөлөөлж цаашлаад харилцааг хямралд аваачих магадлалтай.
– Сэтгэл гутрал. Судалгаанаас үзэхэд эхчүүдийн адилаар аавууд ч мөн адил хүүхэд төрснөөс үүдэн депресс буюу сэтгэл гутралд өртдөг байна.
Хүүхэд төрөхөөс өмнө амжуулах зүйлс
Эхнэрээ хөл хүнд байх үеийг ашиглан эцэг болохдоо идэвхтэй бэлдэж сэтгэлийн түгшүүр зовнилоо бууруулах боломжтой. Шинэхэн аавын хувьд таны хийж чадах дараах зүйлс байна.
Оролцоотой байх. Хүүхдээ хэвлийдээ тээсэн бүсгүйчүүд удахгүй ээж болохоо өдөр бүр мэдэрдэг. Харин эрчүүдэд өдөр бүр энэ тухай сануулах зүйлгүй. Эхийн хэвлийд гараа нааж хүүхдээ хөдлөхийг мэдрэх, эмчийн үзлэгт хамт очих, бусад хүнд эхнэрийн жирэмслэлт, хүүхдийнхээ талаар ярих нь таныг жирэмсний явцад илүү оролцоотой санагдуулна. Мөн та эхнэрийнхээ хэвлийд ойртож дуулах, ном унших эсвэл зүгээр л ярих нь хүүхэд төрсний дараа таны дуу хоолойг танихад нөлөөлнө.
Жирэмсний хичээлд хамрагдах. Жирэмсэн эхчүүд болон тэдний гэр бүлд зориулсан сургалтуудад эхнэр, найз бүсгүйтэйгээ хамт суух нь төрөхийн өмнөх өвдөлтийн үед, хүүхэд төрөх явцад юу болох мөн нярайг асрах талаар ойлголттой болоход тань тустай.
Санхүүгийн төлөвлөгөө гаргадаг мэргэжилтэнтэй зөвлөлд. Энэ чухал алхам. Учир нь мэргэжлийн хүнд хандсанаар танд хүүхэдтэй холбоотой зардлуудаа зохицуулах арга замуудаа тодорхойлоход тустай.
Аавыг дэмжих баг бүрдүүл. Жирэмсний саруудад эхчүүд, эмэгтэйчүүдэд эмнэлгийнхэн, ойр дотно хүмүүс нь халамж анхаарал ихээхэн тавьдаг. Иймд эрчүүд ч мөн адил өөрийгөө дэмжих бүлэгтэй болох нь зүйтэй. Таныг аав болохдоо бэлдэх үед тань зөвлөгөө өгч, дэмжиж чадах хүн найз нөхдийн тань дунд хэд байгааг олоорой.
Ханьтайгаа ярилц. Хүүхэд төрсний дараа та хоёрын болон гэр бүлийн бусад гишүүдийн өдөр тутмын амьдрал, хоорондын харилцаа сайн, саар байдлаар хэрхэн өөрчлөгдөх талаар тухтай хэлэлц.
Ямар аав байхаа шийд. Үүний тулд аавыгаа эсвэл танд эцгийн нөмөр нөөлөг үзүүлсэн тэр хүний тухай бодоорой. Таныг ямар аав байсан гэж дурсаасай гэж хүсэж байна вэ? Үүний тулд та юуг өөрийнхөө эцгээс өөрөөр хийх вэ?
Хүүхдээ төрсний дараа амьдралд нь оролцоотой бай
Хүүхдээ мэндэлсний дараа шинэхэн гишүүнээр бүл нэмсэн гэр бүлтэйгээ улам дотносох олон шинэ арга байж болно. Шинэ аавын хувиар та дараах зүйлсийг санаачлан хийх боломжтой. Үүнд:
Эмнэлэгт хамт байх. Хэрвээ танай гэр бүлийн сонгосон амаржих эмнэлэг зөвшөөрдөг бол та эхнэр, хүүхдээ эмнэлгээс гарах хүртэл тэдэнтэйгээ хамт байж, асраарай.
Хүүхдээ ээлжилж асрах. Хүүхдээ угжих, живх солихдоо ээлжлэх. Хэрвээ танай хүүхэд хөхөө хөхдөг бол ээжийн саасан сүүг угжаар өгч болно. Эсвэл хөхөж дууссаных нь дараа залгисан хийгээ бүрэн хэхэрч гаргах хүртэл нь хүүхдээ босоогоор нь тэврэх, дараа нь бүүвэйлж унтуулах зэрэг хүндхэн ажлыг хариуцаж авч болно.
Хүүхэдтэйгээ тогло. Эмэгтэйчүүд хүүхдээ тайвшруулж, намуухан харьцдаг бол эрчүүд чанга дуугаар, огцом хурдан хөдөлгөөнөөр тоглодог. Энэ хоёр маягаар хоёулангаар нь тоглох хүүхдэд тустай.
Эхнэртэйгээ дотно бай. Дотно, хайрын харилцаа гэдэг зөвхөн бэлгийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Тэврэх, үнсэх, мөрийг нь базаж өгөх зэрэг нь амаржаад тэнхэрч байгаа эхнэртэйгээ дотно байдлаа хадгалах арга бөгөөд та хоёрт амьдралын шинэ хэв маягтаа дасахад ч тустай. Бие биетэйгээ илэн далангүй ярилцаж, хүүхдээ өсөхийн хэрээр биесээ дэмжээрэй.
Тусламж хүс. Амьдралын огцом өөрчлөлтийг хүлээн авахад хүнд, эсвэл та өөрийгөө сэтгэл гутралтай байна гэж үзвэл сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө үзүүлдэг мэргэжилтэнд заавал хандаарай. Эсвэл та хүүхдийнхээ эмчээс цаашид хэнтэй холбогдохоо асууж ч болно. Аав та сэтгэл гутралаа зохистой байдлаар эмчлүүлэхгүй бол таны сэтгэл гутралын байдал гэр бүлд бүхэлд нь нөлөөлнө.
Анх аав болно гэдэг амьдралын огцом өөрчлөлт. Ямар бэрхшээл, сорилт ирэхийг урьтаж мэдээд түүнд бэлтгэвэл та стресс багатай байж, гэр бүлийн шинэ амьдралынхаа алтан мөчүүдийг алдалгүй таашаах боломж олгоно.
Эх сурвалж: Mayo Clinic, US