Та яаж сонирхолтой байдлаар илтгэлээ хүргэх, бас хэрхэн олон хүний өмнө гараад сандрахгүйхэн шиг дүнгээ авах вэ гэж бодож байна уу? Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань туслах хэд хэдэн арга зааж өгье.
Давт, бас дахин давт
Ярих чадвар нь гайхалтай олон хүн байдаг. Гэхдээ тэдний ихэнх нь төрөхөөсөө ийм байгаагүй. Ийм амжилтанд хүрсэн нууц нь юу байв? Дасгал, сургуулилалт. Ерөнхийлөгчөөс эхлээд жүжигчин Анжелина Жоли хүртэл маш сайн ярьдаг. Хэлэх үг, эсвэл илтгэлээ олон дахин давтаж, дотныхоо хүмүүст сонсгож тэднээс санал бодлыг нь асуу. Толины өмнө сургуулилах ч үр дүнтэй бөгөөд өөрийнхөө үйл хөдлөл, биеийн хэл, дохио зангаагаа засах аятайхан боломж олгодог.
Цаасан дээрх тэмдэглэлийг ухаалаг ашигла
Хэрэв чамайг тэмдэглэл юм уу ноорог ашиглахыг зөвшөөрсөн бол 15*25 см цаасан дээр гол гол санаануудаа тэмдэглээрэй. Цаас бүр дээрээ чиний ярианд хэрэг болохоор санаануудыг жагсааж бичих эсвэл гэнэт бүгдийг мартчихвал чамд тухайн сэдвийг сануулж чадах гол түлхүүр үгнүүдээ бичих хэрэгтэй. Харин цаасан дээрээ ярих гэж байгаа сэдвээ тэр чигт нь олон өгүүлбэрээр бичихээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хэрэв ингэвэл чи үзэгч сонсогчдод илтгэлээ ярьж өгөх биш харин зүгээр л уншиж өгнө. Хүмүүс сонирхолтой яриа хүлээдэг болохоос ном уншиж өгөхийг таашаахгүй л болов уу.
Үзэгчиддээ анхаарлаа хандуул
Үг хэлэх, илтгэл тавихдаа анхаарах хамгийн гол зүйл бол та хүмүүст хандан ярьж байгаа гэдгээ байнга санах явдал юм. Хэрэв таны үзэгчид ангийнхан чинь бол таны ярьж байгаа сэдвийн ямар санааг нь тэд илүү сонирхож магадгүй вэ? Сонсогчиддоо өөрийнхөө яриаг анхаарч сонсгохын тулд яриандаа бага зэрэг хошин байдал оруулж эсвэл танай ангид тохиолдсон инээдтэй зүйлийг нэмж оруулах тухайд анхаараарай. Тэдэнд тохиолдож байсан зүйлтэй холбож ярих юм бол ангийнхан чинь чамайг чих тавин сонсно.
Нүдэн холбоо тогтоох
Үзэгчидтэй нүдэн холбоо тогтоосноор та илүү өөртөө итгэлтэй ярьж буй сэдвээ үнэхээр сайн мэддэг юм шиг харагдаж бөгөөд үзэгчдийн хувьд тантай болон таны илтгэлтэй холбогдсон мэт санагдах нь ашигтай. Хэрэв та жижигхэн ангид ярьж байгаа бол илтгэлийнхээ үеэр хүн бүртэй нүдээрээ холбоо тогтоохыг бод. Хэрэв та ангийнхныхаа өмнө юм ярина гэхээс үнэхээр их сандарч байгаа бол зүгээр л үзэгчдийн яг ард байгаа ямар нэгэн эд зүйлс рүү тухайлбал ханын цаг, шүүгээ, эсвэл зүгээр л ханаруу харж болно шүү дээ.
Зогсолт ав, төлөвлө, тод ярь
Зарим хүн илтгэл тавихдаа өөрийгөө дуулж байна гэж төсөөлөх нь өдөр тутамд ярьдагаасаа илүү тайван, зогсолтой ярихад тусалдаг гэдэг. Ингэснээр та бусдад ойлгогдохоор чанга, цэвэр ярьна. Илтгэл тавьж байх үедээ хангалттай зогсолт авч байгаа эсэх, нэг амьсгаагаар дуржигнуулаагүй гэдгээ хянахад тустай зүйл бол өгүүлбэр болгоныхоо хооронд амьсгал авах явдал юм. Түүнчлэн илтгэл тавьж байхдаа үе үе үзэгчидрүүгээ инээмсэглэх нь бодол санаагаа цуглуулж, мартсан зүйлээ санах гайхалтай боломж юм шүү.
Уралдааны машины нисгэгч минь тайвширч үзээрэй
Өсвөр насны илтгэгчдийн гаргадаг хамгийн том алдаа бол хэтэрхий хурдан ярих. Энэ бол бидний ихэнхэд нь сэтгэл түгшсэн үед тохиолддог. Гэхдээ л та өөрийгөө маш хурдан ярихаас урьдчилан сэргийлж болно. Үүний тулд өөрийн тавьж буй илтгэлээ ойлгоход амархан болгох, найздаа илтгэлээ сонсгож цагийг нь хянах, эсвэл дуу хураагч ашиглаж аль хэсэгт нь хурдалж, бас хэдэн удаа “юу”, “нөгөө” гэх мэт сул үг хэрэглэж байгаагаа анзаараарай.