Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Гучтай бүсгүй та “Дөнгөж 30 нас” киноноос юуг суралцах вэ?

“Дөнгөж 30 нас” хэмээх хятадын олон ангит драм кино олон улсын үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Хятадын хамгийн том хот, олон улсын санхүүгийн төв болсон Шанхай хотод аж төрөх гурван эмэгтэйн талаар энэ кинонд өгүүлнэ.

Нөхрийнхөө авьяас чадварт түшиглэн, хувийн компаниа байгуулж, энэ компаниа хөшигний араас амжилттай удирдаж яваа гэрийн эзэгтэй Гю Жиа.

Алс хол нутгаас амжилтад хүрнэ гэж зориглон Шанхай хотод ирж, тансаг зэрэглэлийн дэлгүүрт тууштай ажилласаар карьерийн оргилд дөхөж очсон Уан Ман Ни.

Оффисын тухтай ажилтай, гэр бүлтэй, Шанхайд төрж өссөн, хятадын эзэгтэй нарын нийтлэг төрхийг илэрхийлэх Жан Шиа Жин.

Энэ гурван эмэгтэйн ижил төстэй зүйл нь энэ жил тэд 30 настай.

Хятадын мэдээллийн Синхуа агентлаг энэ киноны тухай нийтлэлдээ “Энэ кино ихээхэн өргөн хүрээний үзэгчдийн анхаарлыг татаж чадсан. Тэр дундаа эмэгтэй үзэгчдэд ихэд таалагдсан. Гучин хэдтэй, хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд киноны дүрүүдтэй олон талаараа ижил байгаагаа олж харжээ” хэмээн бичжээ.

Нөгөөтэйгүүр энэхүү олон ангит кино төгсгөл хэсэгтээ сунжруу болсон хэмээх шүүмжлэл байгаа ч бид бүхэн ажил, амьдралд хэрэгтэй олон үнэнийг энэ киноноос мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой билээ.

Тухайлахад Гю Жиа бид бүхэнд ямар ч үнээр хамаагүй үр хүүхдээ хамгаалахыг, эмэгтэй хүн ардаас нь дэмжих, үргэлж хайрлах эцэг эх, гэр бүлтэй гэдгээ санаж явахыг сургалаа.

Харин Уан Ман Нигийн амьдралаас үйлчилгээний ажлын шаардлагаар бусдын зохисгүй зан байдлыг тэвчих шаардлагатай боловч өөрийнхөө үнэ цэнийг, өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүйг сурсан билээ. Мөн өвдөөд хэвтсэн ч хайртай дотныхоо хүмүүсийн дэргэд байх ямар үнэ цэнэтэйг мэдэрсэн.

Ажил дээрээ хүн бүрт тусалсан, гэртээ кино үзэхээс өөргүй Жан Шиа Жин эцэст нь амьдралаа өөрөө мэдэхээр шийдэж, нөхрөөсөө салах шийдвэр гаргадаг.

Гурван бүсгүйн нөхөрлөл, нэгнийхээ төлөө хаа хүрч, юу хийж байгааг нь харахаар өдий гучин нас хүрчихээд би ядаж ганц жинхэнэ найзтай эсэхээ бодоход хүрч байна.

Хамгийн эцэст нь гурван бүсгүйн толгой эргэм амьдралын түүх, заримдаа залхмаар их асуудлуудыг үзсэний эцэст эгэл жирийн нэгэн айлын түүхийг үзэх дуртай.

Тэд баян тансаг амьдралгүй боловч үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл гадаа хоол худалдаж ажиллахдаа аз жаргалтай байдаг. Киноны туршид ганц ч харилцан яриа гараагүй энэ гэр бүл Шанхай шиг том хотод аз жаргалыг өөр олон янзаар ойлгодог хүмүүс дор бүрнээ ажин түжин амьдарч байгааг сануулна.

Эх сурвалж: www.whatsonweibo.com.