Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Амжилтад хүрэхийн тулд хөршөөсөө түрүүлж босдог эмэгтэй

40 гарсан хойно бизнес эхэлнэ гэдэг бага зэрэг хэцүү юм байна. Эрсдэлээ л түрүүлж хараад байдаг. Аливаа бизнесийг эхлэхийн тулд судалгаа, туршилт хамгийн чухал гэдгийг ойлгосон. Туршилтын явцдаа нэг тонн хүрэн манжин исгэж хаясан хүн шүү дээ” хэмээн ярих энэ бүсгүйг Б.Туяа гэдэг. Олон Монголчуудын адилаар амьдралын төлөө БНСУ-г зориж, багагүй хугацаанд ажилласан тэрбээр өнөөдөр эх орондоо эрүүл хүнсний ногоог ашиглан, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулж байна.

4 жилийн өмнө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, хэрэглэгчдэд таниулахаар ажиллаж байсан бол одоо байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Бүтээгдэхүүнээ машиндаа хийж аваад хүргэлтээ өөрөө хийн, дэлгүүр бүрт бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулдаг байсан гэж хэзээний танил юм шиг дотно угтдаг “Ногоодой” брэндийг үүсгэн байгуулагч Б.Туяатай бизнесийн эхлэл, тулгарсан бэрхшээл, ололт амжилтынх нь талаар ярилцлаа.

Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Ногоодой брэнд хичнээн төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?

Манайх одоогоор 5 төрлийн хүнсний ногооны цэвэр шүүс үйлдвэрлэж байна. Тарьж ургуулсан булцуут хүнсний ногоогоор шүүс үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Импортыг орлох органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна. Үйл ажиллагаагаа явуулаад 4 дэх жилдээ орж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдэдээ нилээн танигдаад, борлуулалтын орлого маань өсөлттэй явж байна.

Анх эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

Би Монголчуудынхаа нэгэн адилаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Монголдоо ирээд ажилд орох гээд ажлын байр их хайсан л даа. Би нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй. Гадаадад ажиллаж байгаад ирсэн бидэнд тогтвортой орлого, ажлын байр маш чухал. Тиймгүй бол амьдралын шаардлагаар буцаад гадаад улс руу явчих гээд байдаг хандлагатай. Монголдоо ирээд бараг жил орчим ажил хайсан. Ихэнх нь 35 хүртэлх насны хүн авна гэх мэт нас заасан байлаа. Миний үеийн хүмүүс ажлын байр олоход маш хэцүү юм билээ. Манай охин тухайн үед биотехнологийн чиглэлээр сурдаг байсан юм. Тэгээд охин маань “өөрийнхөө чаддаг юмыг эхлүүлье” гэж хэлсэн нь намайг хурцалж өгсөн л дөө. Тэгээд багагүй хугацаанд эргэлзсэний эцэст “Ногоодой” брэндийнхээ эхлэлийг тавьж байлаа. Солонгост энэ төрлийн үйлдвэрт ажиллаж байсан учраас БНСУ-г зорьж тоног төхөөрөмжөө аваад, жил гаран гэртээ туршилт хийсний дараа анхныхаа бүтээгдхүүнийг гаргаж байлаа.

Бусдад найдалгүй, өөртөө найдсан нь дээр, мөн маш эртэч байх хэрэгтэй.

Б.Туяа

Жил гаран гэдэг багагүй хугацаа шүү дээ. Шинээр бизнес эхлэхэд олон бэрхшээл тулгардаг. Мөнгө санхүүгээс эхлээд борлуулалтаа хэрхэн хийх, хэрэглэгчид яаж хүргэх, зөвшөөрөл авах гээд л. Танд хамгийн хэцүү санагдаж байсан нь юу байв?

Гэр орны ажил, хүүхдүүддээ тавих анхаарал их сулардаг юм билээ. Ажлын байраа гэрийнхээ ойролцоо байхаар төлөвлөн, түрээслэсэн боловч их нөлөө үзүүлээгүй. Бизнес хийнэ гэдэг их цаг зав, сэтгэл зүтгэл шаардсан ажил. Хүүхдээ өглөө унтаж байхад нь гараад, орой унтаж байхад нь орж ирдэг. Санхүүгийн хувьд өөрийн ажиллаж хуримтлуулсан мөнгөөр эхлүүлсэн учраас санхүү гэхээсээ илүү бизнес төлөвлөгөө яаж гаргах, хаанаас ямар зөвлөгөө авах, хаанаас эхлэх гэх мэт зүйлээ мэдэхгүй байсан нь хамгийн хэцүү байсан. Сав баглаа боодлын хувьд олон тоогоор захиалга авдаг. Нэлээд хэдэн сая төгрөг зарцуулан, сав баглаа боодлоо хэвлүүлтэл бүгд алдаатай гарсан гэх мэт асуудлууд гарч байсан.

Дөнгөж ажлаа эхлүүлээд учраа мэдэхгүй явахдаа “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” дээр ирж байлаа. Эхлээд өөртөө зорилго тавиад, сургалтад сууж өөрийгөө хөгжүүлээд, үе шат дарааллаа мэдэж авсныхаа дараа бизнесээ эхэлбэл алдах нь арай бага юм уу гэж харсан. Нэг эхлүүлчихсэн юмыг дараа нь засах хэцүү, анхнаас нь сууриа зөв тавьчихвал цаашдын зам илүү дардан байх юм шиг санагдсан.

Сургалтад суугаагүй байх үед санаснаар болохгүй уйлах үе гарна аа. Найзуудаасаа зөвлөгөө хүсэхээр ижил төвшний хүмүүс учир тийм ч оновчтой зөвлөгөө өгч чадахгүй байх нь бий. Менторын талаар ойлголтгүй байлаа. “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн хэн нэгнээс юм асуухад өөриймсгөөр зөвлөөд өгдөг их сайхан газар. 40 нас гараад ирэхээр мэдээ мэдээлэл, техник технологитойгоо хөл нийлүүлж чадахгүй, гадаадад амьдарч байгаад ирсэн учраас хаана юу байдгийг сайн мэдэхгүй байсан үед бэрхшээлүүд гарч байсан. Гэхдээ тэр бүх бэрхшээлийг давж чаджээ.

Шантармаар үед таныг юу цааш нь хөтөлж байв?

Солонгост ажиллаж байсан үйлдвэрийн захирал “Амжилтад хүрэхийг хүсвэл хөршөөсөө түрүүлж бос” гэж хэлдэг байсан. Тэр үйлдвэр жижигхэн хэр нь маш амжилттай ажилладаг байсан. Түүний энэ үг амжилттай байхад нь нөлөөлсөн байх. Тэр үг яагаад ч юм надад их хүрсэн. Тиймээс, бизнест хөл тавьсан үеэсээ өглөө 5 цагт босон ажлаа эхлүүлээд, өдөр 12 цагт хүргэлтэндээ гардаг. Үйлдвэр дээрээ бүтээгдэхүүнээ хийнэ, мөн худалдан борлуулах ажлаа ч хийнэ шүү дээ. Эрт ажлаа эхлэх нь бүтээмжид эерэгээр нөлөөлдөг юм. Хэрэв 9 цагт ажлаа эхэлбэл түгээлтээ хийж амжихгүй шүү дээ. Түгээлтээ хийснийхээ дараа сургалтдаа сууна. Ийм маягаар л ажилладаг байсан. Одоо нэг үеэ бодвол овоо хуримтлалтай болчихсон болохоор чаддаг зүйлсийг нь чаддаг хүмүүсээр нь хийлгээд байгаа. Хэрвээ би тааваараа, назгай ажиллаж байсан бол өдийд ийм амжилтад хүрэхгүй байсан гэж боддог.

Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн Солонгос захирал сургууль соёл төгсөөгүй хэр нь мундаг амьдралын ухаантай хүн байсан юм. Би тэр хүнээс их зүйл сурч авсан. Манай захирлын хэлсэн бас нэг зүйл нь “хуримтлалтай бол”. Бизнес эрхэлж байгаа Солонгос хүн таваас зургаан данстай байдаг. Эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж гээд тус тусад нь хадгална шүү дээ.

Шинээр бизнес эрхлэхээр зэхэж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ. Таны алтан дүрэм юу вэ?

Бид санаагаа толгой дотроо л бодоод яваад байдаг юм билээ. Миний үеийнхэн харьцангүй өөртөө итгэлгүй учраас том зорилго тавьж чадахгүй байгаа мэт ажиглагддаг. Хийх ажлаа таван жилээр төлөвлөөд, зорилгоо томхон тавьчихвал урам зоригтой ажилладаг юм билээ. Алтан дүрэм гэхээсээ илүү, миний баримталж буй гол зарчим бол бусдад найдалгүй, өөртөө найдсан нь дээр, мөн маш эртэч байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Үүнээс гадна хариуцлага их чухал. Манайх бүтээгдэхүүнээ нэг хайрцагт 10 ширхэгээр савладаг. Өмнө нь лацгүй худалдаанд гаргадаг байсан юм. Гэтэл нэг хэрэглэгчээс хайрцаг дотор 9 ширхэг байна гэсэн гомдол ирсэн. Тэгээд дутуу савласан уу, эсвэл дэлгүүр дээр дутсан юм уу гэдгийг мэдэх боломжгүй байсан тул хэрэглэгчээсээ уучлалт гуйгаад, дутсан нэг ширхэгийг өгөхийн тулд Найрамдал руу гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан. Дараа нь тухайн хэрэглэгч маань томоохон арга хэмжээний гарын бэлгэнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьсан. Үүнээс сургамж аваад бүтээгдэхүүнээ лацтай болгосон. Бурууг заавал бусдаас эрэхийн оронд эрсдэлээ өөрөө үүрээд сурчихвал хэрэглэгчээсээ шагнал хүртдэгийг өөрт тохиолдсон энэхүү жишээгээр тайлбарлахыг зорилоо.

Манайх олон хүнд хүрсэн сурталчилгаагаа сайн хийж чаддаггүй болохоор ам дамжаад л манай бүтээгдэхүүн борлогдоод байдаг. Тиймээс, чанар, стандартаа л сайн барихыг хичээдэг. Дээр нь хэрэглэгчдийн сэтгэгдлийг ч сайн тусгаж авдаг.

Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

Гацуурт компаниас авдаг. Бэлтгэн нийлүүлэгчтэйгээ хамт органик болох ёстой юм билээ. Органик хүнсний тухай хууль батлагдсан. Шүүсийг нь шахаад үлдсэн эдийг нь бордоо болгохоор ажиллаж байна. Боловсруулсан бордоогоо буцаагаад тариаланчдад нийлүүлээд, аль аль талдаа эрүүл хүнс үйлдвэрлэе гэсэн зорилттой ажиллаж байна.

Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?

Би ойрын 25 жилийн төлөвлөгөөгөө гаргаж үзсэн. Ойрын үеийн зорилго бол эрүүл хүнс үйлдвэрлэнэ.

Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан ногоогоор хийгдсэн биологийн нэмэлт бүтээгдэхүүн

Facebook хуудас: Nogoodoi organic ногооны цэвэр шүүс

Холбоо барих утас: 96003343