Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2021.06.23) өргөн барилаа.
АНУ-д одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байна.
Монгол иргэд
- АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000),
- төвийн бүсийн Чикаго хот орчим (8000),
- баруун эргийн Лос Анжелес (2000),
- Сан Франциско (4000),
- Сиэтл (1500) хотод тус тус олноор төвлөрөн суурьшдаг.
Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүссэн гэж Засгийн газар үзсэн байна.
Монголчууд Чикагод төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой аж.
Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, Монгол сургууль гурав, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.
АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Шинэ Консулын газар нээснээр санхүү, төсвийн ямар нэг нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тооноос шилжүүлэн ажиллуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.