Юуны өмнө
Гэртээ, гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх гэж байгаад нь баяр хүргэе. Мэдээж маш хариуцлагатай үржүүлэгчээс зулзага худалдаж авч болно. Цэвэр цусны зулзага, мууртай болохоор шийдсэн бол хамгийн шилдэг боломж энэ байж болно. Гэхдээ “тэнэмэл” гэх тодотголтой муурыг орон гэртээ, эзэнтэй болгох; өрөвдөм амьдрал туулж яваа муурыг аврах бүр илүү таатай сонголт ч байж болно. Ингээд муур үрчилж авах 8 сайхан шалтгааныг хэлье.
1. Таны эрүүл мэндийн байдал сайжирна
Амьтан хамгаалах байр, гудамжнаас, үржүүлэгчээс гээд хаанаас ч анх авсан бай муур хүний эрүүл мэндэд ихээхэн ээлтэй. Депресс, сэтгэл гутрал цаашлаад ганцаардлыг бууруулдаг тул зүрхний шигдээс болох зүрх хаагдах зэрэг эрсдэлийг бууруулдаг. Мууртай гэрт өссөн хүүхэд харшилтай, амьсгалын тогтолцооны элдэв асуудалгүй байдаг.
2. Амьтны амь аварч байна
Амьтан хамгаалах төвийн байранд байгаа, хаа нэгтээ сайхан сэтгэлт хүн олж авраад эзэн хайж байгаа муурнуудад шинэ гэр орон хэрэгтэй болсон гэсэн үг ээ. Та эдгээр газраас муураа авснаар нэг амьтны амийг аварч байна.
3. Өөрт төгс тохирох тэжээвэр амьтнаа олно
Үржүүлэгчид цэвэр цусны, цөөн төрлийн үүлдрийн муур санал болгодог бол та “гудамжнаас” муур үрчилж авснаар нас, хүйс, биеийн хэлбэр, өнгө, үс, үүлдэр гээд өргөн сонголттой учирахаас гадна өөрийнхөө болон гэр бүлийнхээ зан байдалд төгс зохицох муурыг олох илүү боломжтой.
4. Мөнгөө хэмнэнэ
Гадны орнуудад муур аврах хөдөлгөөн, сайн дурын болон ТББ-ууд бий. Эдгээр газраас муур авсан тохиолдолд гудамжнаас олж аварсан муураа аль хэдийн вакцинд хамруулж, эмчид үзүүлээд, үржил хаах мэс засал хийлгэсэн байдаг. Та ч мөн адил олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан үржил хаах мэс засалдаа орсон, вакцины гэрчилгээтэй, дагалдах хэрэгсэлтэйгээ, эрүүл саруул хөөрхөн муурыг үнэ төлбөргүйгээр үрчилж авах боломж бүрэн бий. Энэ тохиолдолд та мөнгөө хэмнэнэ.
5. Муурнууд бол жинхэнэ анчид
Ерөнхийд нь авч үзвэл муурнууд хортон шавжийг үздэггүй. Төрөлхийн анчин зөнтэй амьтад учир таны гэр мууртай болсон мөчөөс эхлэн хортон шавжаас ангид байна гэсэн үг юм.
6. Бусад муужгай, зулзагануудад тусалж байна
Муурыг гудамжнаас, гудамжин дахь аюулаас аварч хамгаалан үрчлүүлдэг хувь хүн байгууллагаас та муур үрчилж авбал, тэдэнд дахин өөр муужгай, зулзаганд туслах зай талбай гаргаж өгч байна гэсэн үг юм. Та нэгийг өөртөө аваад өөр нэг муурыг аварч байна.
7. Үс ноос нь дийлдэхгүй гэж санаа зовох уу?
Үнэндээ муурнууд гадаад төрхөндөө ихэд анхаардаг амьтад учир та оролцох төдийлөн их шаардлагагүй. Мэдээж урт үстэй мууранд үс арчилгаа хэрэгтэй байдаг бол богино үстэй мууртай бол энэ тухайд санаагаа чилээлтгүй.
8. Гэр бүлийн арчилгаа багатай шинэ гишүүн
Муурнууд нь нохойтой харьцуулахад хөдөлмөр зарцуулалт багатай. Зарим муур эзэнтэйгээ гадуур алхах дуртай байдаг ч ихэнх муур өдрийн 16-20 цагийг тухтай гэртээ унтаж өнгөрүүлэхдээ дуртай, гэрээсээ огт гарахгүй байхдаа ч цааргалдаггүй. Та хэд хоног хол явлаа ч хоол усыг нь хангалттай бэлтгэчихсэн байхад муур аминдаа арчаатай хэд хоногтоо тух алдахгүй байж чадна.