Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

FM 104.5 Өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох нэвтрүүлэг бэлтгэж байна

Гэр бүлийн радио 104.5 нь өсвөр насныханд бэлгийн боловсрол олгох SEX EDU нэвтрүүлгийг Мягмар гараг бүрийн 21 цагаас нэвтрүүлж байна. Бид 2020 оны намраас нэвтрүүлгээ хүргэж байгаа бөгөөд фэйсбүүкийн “Манго Жимстэй Цай” группээр дамжуулан өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдээлэл хүргэж байгаа юм.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн бэлгийн боловсролын талаар мэдлэг ойлголтыг гэр бүл, хүрээлэн буй орчин, сургууль, нийгмээсээ ямар нэг байдлаар хүлээн авч байдаг. Онцгойлон өсвөр насанд хүүхдийн бэлгийн бойжилт эхэлдэг тул нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгт нь хамгийн их анхаарал хандуулах, энэ талаар тэдэнтэй нээлттэй ярилцах хэрэгтэй байдаг.

Монголын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар өсвөр үеийнхэн 60% нь нөхөн үржихүйн үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй, 37% нь эрүүл мэндийн багш, 47% нь олон нийтийн телевиз, 44% нь найз нөхдөөсөө БЗХД,ХДХВ/ДОХ болон бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг тодорхой хэмжээгээр авдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн өөр нэгэн судалгаанд анх удаа бэлгийн хавьталд орсон 15-17 насныхны 80% нь энэ талаар ямар ч мэдлэггүй байжээ.

Эмч Ш.Булган, хөтлөгч А.Саруул


Тэд бэлгийн харилцаа, хүсээгүй жирэмслэлт, эрт бэлгийн харилцаанд орохын эрсдэл, бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн ариун цэврийн тухай тэр бүр эцэг эхтэйгээ ярилцаж чаддаггүй. Хэдийгээр цахим орчинд олон нийтийн сүлжээ, олон нийтийн телевизийн нэвтрүүлэг, уран сайхны кино зэргээс мэдээлэл авч байгаа боловч зарим нь агуулгын хувьд буруу зүйлийг сурталчилсан, ташаа мэдээлэл агуулсан байдаг. Мөн хотын захын болон хөдөө орон нутаг дахь гэртээ зурагтгүй, интернетгүй айлын хүүхдүүдэд энэ мэдээлэл хүрэх боломжгүй байна.

Радио бол хамгийн өргөн хүрээнд, хамгийн хямд зардлаар олон нийтэд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ. Тэр ч утгаараа бид бэлгийн боловсролыг радио долгионоор Улаанбаатар хот төдийгүй 12 аймагт хүргэж байна.

Хөл хориотой байгаа энэ цаг үед хүүхдэдээ, дүүдээ, найздаа энэ нэвтрүүлгийг хүргээсэй хэмээн хүсэж байна. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудлаар холбогдохыг хүсвэл манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Бундан Зүрх охид эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй холбогдоорой. Мөн зөвлөх эмч Ш.Булгантай шууд холбогдох боломжтой.
Та манай нэвтрүүлгийг эндээс сонсоорой.