Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

“Тархины блок” номын тэмдэглэл

Эмнэлгийн урт нарийхан коридорт оочер хүлээх зуураа номоо уншиж байна.

Бид бага наснаасаа өдийг хүртэл өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй байж, өөрөөсөө илүү байх ёстой гэж сурсан. Том мөрөөдөлтэй бай, том зорилготой бай, том сэтгэ, томоор хар, том бай гэдэг.

Энэ бүхэн эргээд биднийг аз жаргалгүй, зорилгогүй болгодог. Бид заримдаа өөрсдөдөө хэтэрхий хатуу ханддаг. Хэзээ ч хийгээгүй ажил, авахгүй цалингийн төлөө шаналдаг. Гэвч бидний амьдралын өдөр бүр амттай.

Цонхоо нээгээд шувуудын жиргээг сонс л доо. Өнөөдөр эрт боссон бол, ном уншсан бол, хадгаламжиндаа мөнгө хийсэн бол, хүүхдүүддээ цаг гаргасан бол чи сайн байлаа. Бид үргэлж хүрч чадахгүй ямар нэгэн зүйлсийн тухайд харамсан бодоод өдөр өдрийн аз жаргалдаа үрэлгэн ханддаг, үл тоодог.

Тус номонд нэг өдрөөр өөрийгөө эерэгээр бүтээж, долоо хоног зориглон хөгжүүлж, сар сараар дадал зуршил болгон нэг жилийн дараа амьдралын зөв хэв маяг болгох тухай өгүүлнэ. Би тийм байх ёстой гэсэн хайрцаглагдсан байдлаасаа салж зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж бүхнийг хүлээн зөвшөөрч, шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ боломжийг алгаа дэлгэн тосон авах тухай өгүүлнэ.

Хадгаламжийн тусламжтайгаар аялалдаа гаран бие даан шийдвэр гаргаж, өөр орчинд орж, өөрийн тав тухтай чөлөөт бүсээс гарч, өөрийгөө өөрөөр мэдрэх тухай өгүүлнэ. Энэ бүх зүйлийн эцсийн зорилго нь мөнгө хадгалах, турах тухай ч асуудал биш. Хувь хүн үнэт зүйлээ олох, өөрөө өөрийгөө танин мэдэх, бүтээх тухай юм. Мөрөөдөл заавал том байх албагүй. Зүрх дүүрэн, хайр бялхуулам энгийн байж болно.

Бичсэн: Э.Энхзаяа