Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Өөрийгөө хайрлахуй: Чи бол онцгой

Анх 2019 оны 5-р сарын 19-нд нэгэн гайхалтай эмэгтэй болох Клиник Сэтгэл Зүйч Долгорсүрэнтэй “Өөрийгөө хайрлахуй” нэртэй сургалтанд нь хамрагдсанаар танилцсан юм. Энэхүү сургалт нь Ramada зочид буудлын маш сайхан тохь тухтай танхимд болж өрнөсөн бөгөөд тэрээр хүрэлцэн ирсэн биднийг эерэг уур амьсгал дунд оруулан өөрийгөө хайрлахуйн тухайтад үнэт зөвлөгөөнүүдээ өгч, ярилцсан юм.

Б.Долгорсүрэн нь Энэтхэг улсын Гаутам Будда Их Сургуульд Клиник Сэтгэл Судлалаар Мастерын зэргээ хамгаалж, одоо мэргэжлээрээ ажиллаж байна. 2016 оны 9 сараас эхлэн Эрэгтэйчүүдийн Гарьдманлай эмнэлэг болон Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, хэвтэн эмчлүүлэгсэд сэтгэл зүйн эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ долоо хоногтоо нэг удаа стресс болон өөрийгөө хайрлах талаар сургалт явуулдаг бөгөөд ганц бие бүсгүйчүүд, залуучуудад зориулсан “Нууц болзоо” нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Ингээд түүний өөрийгөө хайрлахуйн талаар өгсөн зөвлөгөөний багахан хэсгээс хүргэе. Илүү дэлгэрэнгүйг Б.Долгорсүрэнгийн “Өөрийгөө хайрлахуй” номоос хүлээн авч уншихыг санал болгож байна.

Өөрийгөө зуун хувь хүлээн зөвшөөр

Аз жаргалтай, сайхан амьдрал өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Бусадтай нэгэн хэвд цутгасан юм шиг адилхан байх үнэхээр уйтгартай бөгөөд сонирхолгүй. Тиймээс онцгой байхыг хүсвэл зүгээр л өөрийгөө байгаагаар нь хайрлаад, өөрийнхөөрөө бай. Хэнийг ч дуурайх хэрэггүй. Юу гээч, та яг одоо байгаагаараа л хангалттай.

Тийм ээ, намайг бусдаас онцгой гэдгийг минь мэдрүүлдэг хамрандаа би маш их хайртай. Харин та яг энэ мөчид таныг бусдаас онцгой болгодог тэрхүү зүйлдээ талархлаа илэрхийлж, илүү ихээр хайрлаарай.

Учир нь таныг бусдаас онцгой нэгэн болгодог тэрхүү зүйл чинь л таныг жинхэнэ та болгож байдаг юм шүү.

Өөрийгөө зуун хувь хүлээн зөвшөөр, өөрийгөө бусдаар биш зөвхөн өөрөө тодорхойл. Онцгой байхын тулд зөвхөн өөрийнхөөрөө бай.

Б.Долгорсүрэн

Сөрөг бодол, итгэл үнэмшлээсээ өөрийгөө чөлөөл

Ихэнх хүмүүсийн хувьд хүүхэд ахуй цагт нь болсон таагүй дурсамж, гэр бүлийн дарамт шахалт, бүтэлгүйтэл, өнгөрсөнд болсон сөрөг үйл явдлууд нь тэднийг өөрийгөө дутуу үнэлэхэд хүргэж, тархинд нь чи хангалтгүй гэсэн дохио өгдөг юм.

Энэхүү дохио нь өөрийнх нь талаар сөрөг бодол, итгэл үнэмшил үүсгэхэд хүргэж, цаашлаад өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд саад болдог.

Хэрэв дээрх зүйл таньд танил сонсогдож байгаа бол яг энэ мөчөөс зөвхөн өөдрөг зүйл ярьж, сонсож, үзэж, өөдрөг бүхэн дээр анхаарлаа төвлөрүүл.

Лондонгийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар аливаа сайн зуршлыг өөртөө бий болгоход 21 биш 66 хоног шаардагддаг нь нотлогдсон. Тиймээс яг одоо эерэг бүхэн дээр төвлөрч, өөрийнхөө толгойд суусан автомат сөрөг бодол, итгэл үнэмшлээсээ салах цаг болжээ.

Таныг дэмжиж урамшуулдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Хүн ямар хүнтэй цагийг их өнгөрөөнө тухайн хүнтэйгээ адилхан болж хувирдаг юм. Тэгэхээр ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх тал дээр ухаалаг ханд. Таны амьдралд зөвхөн стресс нэмдэг, таныг доош нь татдаг, таниас авдаг мөртлөө хэзээ ч өгдөггүй хүмүүст амьдралынхаа нэг хормыг ч зориулахад дэндүү хайран.

Хүн бүр таны амьдралд орж ирэх шаардлагагүй, мөн та хүн бүрийн амьдралд орох шаардлагагүй. Таныг дэмжиж урамшуулдаг, таны мэдэхгүйг зааж өгдөг, таныг гэсэн сэтгэлтэй, жаргал зовлонгийн алинд нь ч зөвхөн таньтай хамт байх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Таныг өөрчлөхийг хичээдэг бус яг байгаагаар тань хүлээн зөвшөөрч, хүндэлж, хайрладаг хүмүүст үнэт цагаа зориул. Стресс нэмдэг хүмүүст цагаа зориулахад амьдрал дэндүү богинохон бөгөөд хайран. Та хүн бүрт зориулагдаагүй учир өөрийн чинь үнэ цэнийг мэдрүүлдэг тэдгээр онцгой хүмүүстэй л нөхөрлө.

Хэрэв таны эргэн тойронд таныг байнга доош нь татдаг, сөрөг хүмүүс хүрээлдэг бол яг одоо өөрчлөлт хийх цаг болжээ. Таныг дэмжиж, урамшуулж, таныг хичнээн чухал, үнэ цэнэтэй хүн болохыг тань мэдрүүлдэг тэдгээр хүмүүсийг олж нөхөрлө.

Яаж вэ гэж үү? Зөвхөн ажил, сургууль, гэр гэсэн маршруттай бол яг одооноос нийгмийн идэвхээ нэмэгдүүлж, сонирхдог чиглэлээрээ клубт элсэж, курс, сургалтуудад хамрагд.

Эх сурвалж: “Өөрийгөө хайрлахуй” номоос

Facebook: Клиник Сэтгэл Зүйч Долгорсүрэн, Youtube: SURENTARA