Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа тус бүр нь дөнгөж 1 кг гаруйхан төрсөн сиамын ихэр хүүхдүүдийг салгах мэс заслыг Швейцарь улсад 2016 онд амжилттай хийсэн түүхийг эргэн сануулж байна.
2015 оны 12-р сард төрсөн Маяа, Лидиа гэсэн ихэр охид өндөр эрсдэлтэй, хүнд мэс заслыг давж гарсан хамгийн бяцхан хүүхдүүд болсон түүхтэй.
Охид цээжээрээ нийлсэн, дундаа нэгэлэг, зүрхтэй байжээ. Охидыг салгах мэс заслыг таван мэс заслын эмч, хоёр сувилагч, зургаан нойрсуулагч эмч хамтран гүйцэтгэжээ.
Швейцарь улсын Берн хотын эмнэлэгт таван цаг үргэлжилсэн мэс заслыг ихэр охид амжилттай давсан байна.
Маяа, Лидиа хоёр гурван ихэр хүүхдийн нэг бөгөөд Камилла нэртэй бяцхан охин хоёр дүүгээ хүлээж байжээ.
Сиамын ихэр охид эхээс мэндэлснийхээ дараа биеийн байдал нь сайн байсан ч дундаа нэг элэгтэй учраас бие нь муудаж эхэлжээ. Тун удалгүй нэгнийх нь цусны даралт ихэсч, нөгөөгийнх нь цусны даралт унаж эхэлсэн байна.
Тус бүр нь нэг кг жинтэй, дутуу төрсөн охидыг аврах цор ганц арга нь урьд өмнө нь хэзээ ч хоёр сартай хүүхдүүдэд хийж байгаагүй мэс засал бөгөөд охид хоёулаа амьсгал хураах эрсдэлтэйг эмч нар тооцоолсон байжээ.
Мэс заслаас хойш охидын биеийн байдал сайжирч, аажмаар жин нэмж эхэлсэн бөгөөд эхийнхээ хөхөөр хооллож эхэлсэн юм.
Дашрамд сонирхуулахад Маяа, Лидиа хоёр мэсийн аргаар салгасан ч эсэн мэнд байгаа 200 ихрийн нэг юм. Сиамын ихэр хүүхдүүд 200 мянган төрөлт тутамд нэг тохиолддог ч тэн хагас нь амьгүй төрдөг байна. Эсэн мэнд төрсөн хүүхдүүдийн амьдрах магадлал 5-25 хувь байдаг байна.
Мэс заслыг амжилттай давж гарсан охид одоо 5 настай болсон бөгөөд тэдний хаана амьдардаг, биеийн байдал нь ямар байгаа тухай мэдээллийг нууцалдаг байна.