Сүүлийн жилүүдэд жирэмсэн үедээ чихрийн шижин туссан гэх эхчүүд нэмэгдэх болжээ.
Шинэ судалгаагаар жирэмслэхээс өмнө төмс их иддэг байсан эмэгтэйчүүд хөл хүнд үедээ эх хүүхдийн аль алиных нь эрүүл мэндэд нөлөөлдөг чихрийн шижин тусах эрсдэлтэйг тогтоосон байна.
Харвардын их сургууль тэргүүтэй 3байгууллага хамтарч 1991-2001 оны хооронд 15 мянган эмэгтэйчүүдээс авсан судалгааны дүнд шинжилгээ хийж дээрх дүгнэлтийг гаргасан байна.
Судлаачид төмс болон бусад хүнсний хэрэглээ, бүсгүйчүүдийн жирэмслэлтийг дөрвөн жил бүрээр нь нэгтгэн судалжээ.
Арван жилийн турш судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд давхардсан тоогоор 21693 хүн жирэмсэлсний 854 нь жирэмсэн үеийн чихрийн шижинтэй байжээ. Энэ эмэгтэйчүүд жирэмслэхийнхээ өмнө чихрийн шижин болон өөр бусад архаг өвчингүй байсан гэнэ.
Судлаач, доктор Куйлин Занг “Жирэмслэхээс өмнө төмс их хэмжээгээр хүнсэнд хэрэглэж байсан эмэгтэйчүүд жирэмсэн үедээ чихрийн шижинд өртөх өндөр эрсдэлтэйг тогтоолоо” гэжээ.
Ийм ч учраас судалгааны баг төмсийг ямар хүнсээр орлуулж хэрэглэвэл жирэмсэн үеийн чихрийн шижин тусахгүй байх талаар судлах гэнэ.
Дашрамд мэдээлэхэд долоо хоногт идэх хоолныхоо хоёр удаагийнхыг төмсгүй идэж, ингэхдээ бусад ногоо, бүхэл үрийн хүнсээр орлуулбал энэхүү өвчнөөр өвдөх магадлал 12 хувиар буурдаг байна.