Айлын отгон хүүхэд дураараа дургих эрх чөлөөтэй байдаг бол ууган хүүхдэд ухаан заяадаг байна.
Германы Лейпцигийн их сургуулийн судалгаагаар ууган хүүхдүүд гэрийнхээ хамгийн ухаантай нь бөгөөд дараа дараагийн хүүхдүүд ууган хүүхдээс оюун ухааны чадвараараа үл ялиг дутмаг байдгийг тогтоожээ.
Мөн отгон хүүхдүүд өөрсдийгөө ах эгчээсээ ухаанаараа дутмаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг болохыг ч судалгааны дүн харуулсан юм.
Гэхдээ оюун ухааны ялгаа их биш. IQ-ийн түвшин хүүхэд бүрт 1.5 оноогоор л зөрүүтэй байдаг гэнэ.
Энэ судалгааг Герман эрдэмтэд Британийн 20 мянган хүний IQ болон хувийн зан чанарын тестэд тулгуурлан хийсэн нь бүр ч итгэл төрүүлж байна.
Тэд том хүүхдүүд илүү ухаантай байдаг нь эцэг эх дараагийн хүүхдээ төрүүлэх хүртэл хугацаанд том хүүхэддээ бүх анхаарлаа зориулдагт гол учир бий гэж үзсэн байна.
Мөн ууган хүүхдүүд дүү нараа ертөнцтэй танилцахад тусалж, юм бүхнийг зааж өгдөг нь оюуны чадвар нэмэгдэхэд нөлөөлдөг аж. Энэхүү дүнг гурван улсын судалгааны дүнд тулгуурлан гаргажээ.