Монголчууд интерсекс хүмүүсийг “манин” гэж их ярьдаг. Мөн доромж утгаар “хос бэлэг эрхтэнтэй” гэдэг ч тохиолдол бий. Өнөө үед Олон Улсад хүний эрхэд ээлтэй “интерсекс” гэх нэр томьёог ашиглаж байна.
Интерсекс хүмүүс бусдаас бага зэрэг л өөр бие махбодтой байдаг. Ихэнх хүмүүсийн (хүн амын 98%) бэлгийн бойжилт нь хоёр л төрлийн байдаг ч үлдсэн интерсекс хүмүүсийн бие махбод онцгой, ахин давтагдашгүй билээ. Энэ талаар бидэнд эрүүл мэнд эсвэл бэлгийн боловсролын хичээл дээр бараг заадаггүй. Интерсекс хүмүүсийн онцлог нь бэлэг эрхтэн, хромосом, гонад, дотор бэлэг эрхтэн, даавар ялгаруулах болон дааврын хариу урвал болон хоёрдогч бэлгийн шинж чанар (хөх ургах эсвэл үсжилтийн онцлог гэх мэт) дээр ажиглагдах боломжтой.
Интерсекс 2,000 хүнд нэг төрдөг гэсэн тоо байдаг ч илүү бодит тоо нь хүн амын 1,7% гэсэн тоо байдаг.
Зарим хүүхдүүд төрмөгцөө интерсекс гэдэг нь тодорхой байдаг. Ийм тохиолдолд зарим хүмүүс (эмч, сувилагч, эцэг, эх ба бусад хүмүүс) хүүхдийг нялх байхад нь “хэвийн болгох” нэрийдлээр мэс засал хийлгэхийг илүүд үзсээр л байна. Энэ нь интерсекс хүүхэд том болоод гей, лесбиян эсвэл трансжендер хүн болж таараа гэсэн уламжлалт айдсаас үүдэлтэй байж магадгүй. Гэхдээ интерсекс хүмүүс ямар ч хүйстэй бас бэлгийн амьдралтай байсан бусадтай л адил. Хүн бүр бие махбодын хувьд бүрэн бүтэн байх эрхтэй бөгөөд үүний төлөө тайвнаар тэмцэх хэрэгтэй хэвээрээ.
Интерсекс хүн бүр өөр өөр түүхтэй. Тэд бүгдээрээ мэс засалд орсон биш эсвэл эцэг, эх нь төрөхөд нь огт мэдээгүй өнгөрсөн ч байж болно. Зарим интерсекс хүмүүс өөрийн бие махбодыг интерсекс нэр томьёонд багтана гэдгийг ч мэддэггүй. Олон өсвөр настнууд анагаахын нэр томьёонуудаар оношлогдсоныхоо дараа өөрсдөө мэдээлэл хайж, интерсекс гэдгээ олж мэддэгийг доорх түүхүүдээс харж болно.
Хэрвээ чи интерсекс бол өөрийгөө бусдаас хэтэрхий өөр гэж битгий бодоорой. Энэ талаараа ярилцахыг хүсвэл ЛГБТ Төв дээр хүрэлцэн ирж Кеннатай уулзах боломжтой шүү.
Доорх нийтлэлд хайр цацарсан, интерсекс хүмүүстэй уулзахаар хүлээж байгаа 3 хүмүүсийн түүхийг орууллаа.
БРИЯ, 27 НАСТАЙ, ДЕЛАВЭР МУЖ, АНУ
Би охин хүүхэд шиг өссөн. Би гоё даашинз өмсөж, үсэндээ хавчаар зүүдэг байсан. Намайг 2 дугаар ангид байхад надад нүүрний үс, хөх ургаж эхэлсэн. Миний бүх бие, тэр дундаа хөл, суга, их бие үсээр бүрхэгдсэн байв. Миний анхны сарын тэмдэг ирж байхад би наймдугаар ангид байснаа санаж байна. Би өөр гэдгээ мэдэж байсан ч үүнийгээ хэрхэн, яаж ойлгохыг би мэдэхгүй байсан. Ээж болон эмч нар намайг жирийн охин л гэж байв, ялангуяа сарын тэмдэг ирсэн болохоор. Гэсэн хэдий ч миний хэлүү том байсан нь өөрийгөө бүр ч өөр гэж бодоход хүргэсэн юм. Би усны хувцас өмсөж чаддаггүй байсан учир нь бусад охид намайг хараад шоолох юм шиг санагддаг. Би ийм зүйлсэд бэлтгэлтэй байгаагүй. Би маш их ганцаардаж бас эргэлдэг байсан.
Би дунд сургуульд байхаасаа эхэлж интерсекс гэж өөрийгөө тодорхойлсон. Эцэст нь би өөрийгөө тайлбарлах үгтэй боллоо. Хүмүүс намайг хүү эсвэл охин уу гэж асуухад надад хэлэх зүйл байдаг болсон. Тэгээд би өөрийн интерсекс шинж чанараа болон интерсекс асуудлуудын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээн дээр нийтэлж, түгээж эхэлсэн.
БАНТИ, 18 НАСТАЙ, МАССАЧУСЕТС МУЖ, АНУ
Намайг төрсөн цагаас л миний бие интерсекс гэдэг нь тодорхой байсан. Би Энэтхэгт амьдардаг байсан бөгөөд АНУ-ын эцэг, эх маань намайг 2 настайд үрчилж авсан. Энэтхэгийн эмч нар миний бэлэг эрхтэнд “ердийн эмэгтэй” шиг харагдуулахын тулд миний зөвшөөрөлгүйгээр мэс засал хийсэн. Эмнэлгийн байгууллага мэс засал хийсний улмаас миний бие өвдөх, хатгуулах, гэмтлийн дараах стрессийн эмгэг надад илэрч эхэлсэн.
Интерсекс гэдэг нэр томьёог хоёр дугаар ангидаа анх удаагаа аав, ээж намайг эмчийн үзлэгт оруулах үед сонссон. Интерсекс гэдэг үгийг сонсохоосоо өмнө намайг “DSD буюу бэлгийн бойжилтын эмгэг” гэсэн эрүүл мэндийн хэллэгээр оношилдог байсан. Эмч нарын ашигладаг энэ нэр томьёо намайг яг л туршилтын туулай шиг эсвэл гаж гэж байгаа шиг санагддаг. Өнөөдөр л гэхэд би өөрийн бие махбодыг хянаж чадахгүй байх шиг мэдрэмж төрж байна. Надад биений юм ирдэг. Энэ нь миний умайн бүтэцтэй холбоотой. Би цус алдсандаа цочирдсоны дараагаар л эмч нар надад хэзээ ч бие махбодын минь талаар тайлбарлаж өгсөн. Гэхдээ би өөрийнхөө бие махбодын талаар бүрэн мэдээлэлтэй, мэдлэгтэй байсан ч болоосой гэж хүсдэг.
Кат, 27 настай, Массачусетс муж, АНУ
Нялх байхад минь гоо сайхны мэс засал хийлгэсэн ч амжилттай болоогүй тул надад олон хүндрэл гарч ирсэн. Өсвөр насаа ичих мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлж, сэтгэцийн гүн хямралд орсон. “Хэвийн” байхыг маш их хүсч 17 насандаа дахин мэс засалд орлоо. Гэсэн хэдий ч надаас эрүүл мэндийн асуудлууд салсангүй. Коллежид орсноос хэдэн жилийн дараа шөнө Google-ээс интерсексийн талаар анх удаа олж мэдээд өөрийгөө дорд үзэхээ больсон. Би өөртэйгөө ижил түүхтэй маш олон хүмүүсийг анх удаа олж мэдсэн юм. Интерсекс хүрээлэлд нэгдэж эхэлснээс хойш нь би өөрийгөө хайрлаж эхэлсэн. Олон жилийн турш дотор байсан ичих мэдрэмжээ арилгахад тусалж, миний биеийг “гаж, засагдах ёстой” гэсэн хор хөнөөлтэй, шинжлэх ухаанч бус үзэл бодлыг минь эдгэрэхэд тусалсан юм. Саяхнаас би өөрийнхөө түүхийг бусдад хуваалцаж, интерсекс хүмүүсийн эрхийг хамгаалах урам зоригтой болж чадсан.
Эх сурвалж: Teenvogue.com
Нийтлэл бэлтгэсэн: ЛГБТ Төв НҮТББ