Консалтинг буюу зөвлөх үйлчилгээний салбар дэлхий дахинд хурдацтай өргөжиж, Монгол улсын хувьд зөвлөх үйлчилгээний зах зээл аль хэдийн 4 сая ам.доллараар тэлжээ. Иймд бие даасан зөвлөхөөс менежментийн цолтой зөвлөх болон карьерээ ахиулах сонирхолтой мэргэжилтнүүд нэмэгдсээр байна.
Өнөөдөр менежментийн зөвлөх мэргэжилтнүүд стратеги, мэдээллийн технологи, санхүү, маркетинг, түгээлт, и-бизнес, үйл ажиллагааны менежмент, хүний нөөц, мэдлэг, бүтээмж, үр дүн, чанар, компанийн бүтцийн өөрчлөлтийн менежмент цаашлаад байгууллагын нийгмийн хариуцлага гэсэн өргөн чиглэлд консалтинг үйлчилгээ эрхэлж байна.
Зөвлөх мэргэжилтнүүдийн дунд консалтинг үйлчилгээ эрхлэхэд шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл, санхүүгийн хувьд хараат биш байх, мэргэжлийн ур чадваруудаа бүрэн эзэмшсэн байхад хангалттай гэсэн түгээмэл ойлголт байв. Харин ICMCI буюу Олон улсын менежментийн зөвлөхийн институтуудын зөвлөлөөс мэргэжлийн зөвлөх хүн консалтинг хийх ур чадваруудыг competence framework-д заасан бүтцийн дагуу эзэмшсэн байхыг шаарддаг. Манай улсад ч зөвлөхүүд өөрийн мэргэжил, салбарын чиглэлээр нарийн мэргэшсэн байдаг ч мэргэжлийн зөвлөхийн чадавхийн дагуу консалтингийн ур чадварыг эзэмших шаардлагатай талаар төдийлөн мэдээлэлгүй байна.
Үүний дээр 2017 онд дэлхий дахинд анх удаа үйлчилгээний салбарт чиглэсэн олон улсын стандарт буюу ISO 20700 батлагдсан байна. Менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт баримтлах ISO стандартыг дэлхий дахинд мөрдөж эхэлсэн тул харилцагч компаниуд зөвлөхүүдээс үйл ажиллагаандаа энэхүү стандарт баримтлахыг хүсэх болжээ.
Монгол улсын хувьд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (MMCI) нь менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэх, цол олгох, гэрчилгээжүүлэх, ISO 20700 стандартын сургалтад хамруулах чиглэлд ажиллаж байна. Тус байгууллага нь ICMCI буюу Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудийн олон улсын зөвлөлийн гишүүний хувьд Монголын мэргэшсэн менежментийн зөвлөх (MCMC) цолыг 100 гаруй, Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх цолыг (CMC)10 гаруй зөвлөхөд олгожээ.
Энэ хүрээнд ММЗИ-ээс 2022 оны 3-р сараас эхлэн, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт шинээр хөл тавьж байгаа болон зөвлөх мэргэжилтэн болохыг хүсэлтэй хэн бүхэнд тусгайлан зориулж, бүтэн жилийн туршид, сард нэг удаа явагдах цуврал сургалт зарласан байна.
“Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай эхлэх нь”, “Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай өсгөх нь” нэртэй тус бүр 12 удаагийн сургалтууд 3-р сарын 10-ны өдрөөс сар бүрийн мягмар, пүрэв гарагт явагдана. Цуврал хичээлийг олон улсын тэргүүлэх зөвлөх, ICMCI байгууллагын Ерөнхийлөгч асан Двайт Михаликс өөрийн биеэр удирдан явуулах юм. Сургалт Двайт Михаликстай тулгарсан сорилт бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох хэлбэрээр зохиогдох тул менежментийн зөвлөхүүдэд олон улсын CMC зөвлөхөөс суралцах таатай боломж юм. Амжилттай төгсөгчдөд ММЗИ-ийн сертификат олгоно.
Двайт нь Effective Managers™ менежментийн олон улсын зөвлөх үйлчилгээний компанийн Ерөнхийлөгч, Канадын менежментийн зөвлөхүүдийн институт хүндэт гишүүн. Тэрээр 2021 онд “Тодорхойгүй цаг үед зөвлөх нь- Дэлхий дахины өнцөг” номоо хэвлүүлжээ. Энэ бүтээлд менежментийн зөвлөх салбарт сүүлийн үед гарч буй disruption буюу бусниулалд тэр дундаа үйлчлүүлэгчдийн харах өнцөг, чиглэх цэгийг өөрчлөх, цаашлаад менежментийн зөвлөх мэргэжлийн ирээдүйн талаар тодорхой зураглан үзүүлжээ.
Энэхүү шинэ сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian Consultants – Монголын Зөвлөхүүд – IMC Mongolia фэйсбүүк хуудас болон бүртгэлийн линкээр бүртгүүлэх боломжтой.