Монголын финтек салбарын тэргүүлэгч “ЛэндМН ББСБ” ХК нь 2 дахь жилдээ нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх хүндэтгэлийн Цан цохих арга хэмжээ Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны зааланд 2021 оны 6 сарын 25-ны өдөр амжилттай болж, нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ.
Энэхүү ЛэндБондын арга хэмжээ нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6500 дахь арилжаа байв.
“ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлд 2 дахь жилдээ 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “ЛэндБонд”-ыг ийнхүү гаргаж байна. Энэхүү бонд нь компанийн үндсэн үйл ажиллагаа буюу зээлийн санхүүжүүлэлтэнд зарцуулагдана. Мөн бонд нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй, жилийн 14%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд хүү төлөх давтамжтай байх юм.
Энэхүү нээлттэй бондыг худалдан авах захиалга 2021 оны 06 сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 15 цаг хүртэл авна. Захиалгыг онлайнаар SuperUp аппликейшнээр эсвэл өөрийн үйлчлүүлдэг болон аль ч үнэт цаасны компаниар дамжуулж захиалга өгөх боломжтой.