Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Маргарет Тетчер: Эрчүүдийн ертөнцөд ЭМЭГТЭЙ хүн байх нь

“Төмөр Хатагтай” Маргарет Тетчер агсан дэлхий дахинд Английн консерватив намын анхны эмэгтэй тэргүүн, Английн түүхэн дэх анхны, мөн хамгийн удаан засгийн эрх барьсан /1979-1990/ ерөнхий сайд гэдгээрээ танигдсан билээ.

1979 онд Английн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон Маргарет улс орноо эдийн засгийн хямралаас хөтлөн гаргаж, Фолкландын арлуудыг хамгаалах дайнд армиа удирдаж, үйлдвэрчний эвлэлүүдийн тэмцлийг шийдвэрлэж, ЗХУ-ын дарамттай нүүр тулж чадсан учир “Төмөр Хатагтай” хэмээх алдарыг ард түмнээсээ авсан хүн юм. Европын Холбооны талаарх байр суурь нь түүнийг намын доторх дэмжлэгээ алдаж, улмаар 1990 онд Ерөнхий сайдын албанаасаа огцроход хүргэсэн байна.

Амьдралын эхэн үе

Тэрээр 1925 оны 10 дугаар сарын 13-нд Английн Грантамд нутгийн нэгэн бизнесмений охин Маргарет Робертс болон мэндэлжээ. Тэднийх гэр бүлээрээ хүнсний дэлгүүр ажиллуулж, дэлгүүрийнхээ дээд давхарт амьдардаг байсан байна. Маргаретийн эцэг хотынхоо зөвлөлийн гишүүн, консерватив үзэлтэй хүн байжээ. Охин хотынхоо сургуульд сурахын зэрэгцээ эцгээсээ улстөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийг нь өвөлжээ. Сурлага сайтай байсныхаа ачаар Тетчер Оксфордын Их сургуульд тэнцэж, Сомервилле Коллежийн химийн ангид суралцжээ. Энд түүнд Нобелийн шагналт эрдэмтэн Дороти Хогкин багшилж байсан байна. Улстөрийн идэвхтэй оюутан Тетчер их сургуулийнхаа Консерватив Ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 1947 онд химийн чиглэлээр эрдмийн зэрэг авч Колчестерт химичээр ажиллах болжээ. Дараахан нь тэрээр Дартфордодт судлаач химич болжээ.

Улстөрд орсон эхний үе

            Коллежоо төгсөөд хоёрхон жилийн дараа Тетчер төрийн албанд орох гэж анх удаа сонгуульд өрсөлдөв.  1950 онд болсон парламентын сонгуульд консерватив намаас Дартфордоо төлөөлөн нэр дэвшихдээ эхний өдрөөсөө л Тетчер либерал үзэлт Хөдөлмөрийн намыг ялж, парламентын суудалд авах бараг боломжгүй гэдгийг мэдэж байжээ. Гэсэн ч Тетчер хэлсэн үг, илтгэлээрээ өөрийнхөө нам дотор ихээхэн хүндэтгэл хүлээж чадсан байна. Эхний сонгуульдаа ялагдсан ч Тетчер зорилгооаоо ухралгүй ирэх жил нь дахин өрсөлдөж дахин ялагджээ. Ийнхүү хоёрдахь сонгуульдаа ялагдсанаасаа хоёр сарын дараа Денис Тетчертэй гэрлэжээ. 1952 онд Маргарет улстөрийн ажлаа хойш тавьж хууль судалж эхэлжээ. Нэг жилийн дараа тэрээр Карол, Марк хэмээх ихэр хүүхэд төрүүлсэн байна. 1953 онд хуулийн сургалтаа дуусгаж барристер буюу нэг төрлийн хуульчийн мэргэжил эзэмшсэн байна. Энэ өдрөөс 6 жилийн дараа 1959 оны сонгуулиар Төлөөлөгчдийн Танхимд Финчлейг төлөөлсөн гишүүн болж чаджээ. Нэгэнт өсөн дэвших нь тодорхой болсон энэ эмэгтэйг парламент хүлээн зөвшөөрч 1961 онд тэтгэвэр, үндэсний даатгал хариуцсан нарийн бичгийн даргаар томиллоо. Хөдөлмөрийн нам Засгийн газрын эрхийг гартаа оруулахад тэрээр Сүүдрийн Танхимын гишүүн болжээ. Сүүдрийн Танхим бол Консерватив нам засгийн эрхэнд гарсан тохиолдолд засгийн газрыг бүрдүүлэх тэргүүлэх улстөрчдийн бүлэг юм.

Британий анхны эмэгтэй Ерөнхий сайд

1970 оны 6 дугаар сард Консервативчууд Засгийн газраа тэргүүлэх боллоо. Тетчер боловсрол, шинжлэх ухаан хариуцсан төрийн нарийн бичгийн дарга болмогцоо дунд сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй тараах төслийг зогсоосон учир сүүний хулгайч гэх хоч сонсчээ. Энэ албыг хашиж байхдаа тэр ихэд сэтгэлээр унадаг байсны шалтгаан гаргасан шийдвэрийнх нь хариуд ирж буй шахалт дарамт биш тухайн үеийн засгийн газрын тэргүүн Эдвард Хийт санаа бодлыг нь огт сонсдоггүйд байжээ. Иймээс Маргарет эмэгтэйчүүд улстөрд ямар ч ирээдүйгүй гэж бодох болж 1973 онд телевизээр үг хэлэхдээ “Би энэ насандаа эмэгтэй хүн Ерөнхий сайд болохыг харна гэж бодохгүй байна” гэж байжээ. Тетчер тун удахгүй өөрийгөө буруу бодсоныг баталсан юм. 1974 онд Консерватив нам төрийн эрхээ алдахад Тетчер нам дотроо нөлөөгөөрөө тэргүүлэх болжээ. Ирэх жил нь буюу 1975 онд Консерватив намынхаа дарга болж, өөрийг нь огт сонсдоггүй байсан Эдвард Хийтийг ардаа орхиж  чадсан байна. Энэ ялалт нь түүнд Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний анхны эмэгтэй тэргүүн гэх тодотгол авчирсан байна. Англи улс энэ үед эдийн засаг, улстөрийн үймээн бужигнаантай байлаа. Засгийн газар халаасандаа мөнгөгүй дампуурлаа зарлахын ирмэг дээр, ажилгүйдэл эрчимтэй өсч, үйлдвэрчин, хөдөлмөрчдийн эвлэлүүд хямрал сөргөлдөөн үүсгэсэн байдалтай байв. Нийгмийн энэ тогтворгүй байдал Консерватив намыг 1979 онд засгийн эрхэнд буцаж гарахад дэм болсон гэдэг. 1979 оны тавдугаар сард түүхэнд тодоор үлдэх үйл явдал болсон нь Консерватив намын дарга Тетчерийг хууль журамд заасны дагуу Британий Засгийн газрын тэргүүнээр томилсон хэрэг байлаа.

Консерватив удирдлага

Ерөнхий сайд Тетчер улс оронд нүүрлэсэн хямралтай тэмцэх зорилго тавин эн тэргүүнд инфляцийг хянахаар зээлийн хүүг нэмжээ. Тэрээр Британий уламжлалт аж үйлдвэрлэлийг бутаргаж үгүй хийснээрээ зартай удирдагч. Ингэхдээ хөдөлмөрчдийн эвлэлүүдтэй /уурхайчны гэх мэт/ тэмцэх мөн түүнчлэн орон сууц, нийтийн тээврийн салбарт өргөн хүрээтэй хувьчлал хийх замыг сонгосон байна.  Улстөрчийн хувьд Тетчерийн хамгийн үнэнч, тууштай холбоотнуудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч, консерватив Роналд Реаган байлаа. Энэ хоёрт ижил төстэй зүйлс олон байсны дотор адилхан баруун жигүүрийн улст төрчид, корпорацийг дэмждэг улстөрийн философи баримтладаг байв.  Тийм ч олон Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд цэрэг дайны асуудалтай тулгардаггүй. Харамсалтай нь Тетчерийг засгийн эрх барьж байх 1982 оны 4 дүгээр сард Аргентин улс Фолкландын арлууд буюу Британий хил хязгаар руу халдан довтолжээ. Энэ бүлэг арал Аргентиний эргийн орчим байрладаг учир хоёр тал удаан хугацаанд хямрал, мөргөлдөөнтэй байсаар ирсэн юм. Тетчер Британий цэргүүдээ Фолкландын арлуудыг хяналтандаа буцаан ав хэмээн илгээжээ. Түүхэнд Фолкландын Дайн хэмээн тэмдэглэгдсэн энэ тулгаралтанд оролцогч Аргентины тал 1982 оны 6 дугаар сард бууж өгсөн байна.  Ерөнхий сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдохдоо /1983-1987/ Тетчер маш олон тооны мөргөлдөөн, хямралыг зохицуулж чаджээ. Эдгээрээс 1984 онд болсон түүний амийг хөнөөх гэсэн оролдлогыг онцолж байна. Ирландын Бүгд Найрамдах Армийн нухацтай бодож боловсруулсан төлөвлөгөө биелэлээ олсон бол Маргарет Тетчер бидний дунд өнөөдөр байхгүй байх байлаа. Намар 10 дугаар сард Тетчерийг Бригтонд Консерватив намын хуралд оролцох үед нь бөмбөг дэлбэлж үгүй хийхээр Ирланд дайчид төлөвлөсөн байж. Харин төмөр Маргарет энэ явдлаас огт айгаагүй, гэмтээгүйн дээр хурлыг товлосны дагуу үргэлжлүүлэхийг шаардаж, дэлбэрэлтийн маргааш нь хурлын төлөөлөгчдийн өмнө үг хэлжээ. Гадаад бодлогын тухайд 1984 онд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевтай уулзаж, мөн ондоо Хятадын засгийн газартай Хонгконгийнт ирээдүйн хувь заяаны талаар зөвшилцжээ. Мөн Тетчер 1986 онд АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Реаганы Ливид өгсөн агаарын цохилтыг дэмжиж байгаагаа олонд мэдэгдэхээс халшраагүй байна.  Үүгээр ч зогсохгүй америкийн цэргийн хүчинд дээрх дайралтыг хийхдээ Британий цэргийн баазыг ашиглахыг зөвшөөрсөн байна.

Огцорсон нь

1987 онд Тетчер Ерөнхий сайдын албандаа гурав дахь удаагаа томилогдохдоо улсынхаа боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх зорилго өвөртлөн иржээ. Харамсалтай нь түүний орон нутагт татвар төлдөггүй иргэдийн иргэний болон сонгуулийн эрхийг хасах бодлого хэрэгжихтэй зэрэгцэн, Тетчер өөрийн дэмжигчдээ алджээ. Нийтээр дургүйцэн, эсэргүүцэж байсан энэ бодлого ард иргэдийг жагсаал цуглаан хийхэд хүргэж, Консерватив намын дотор хагарал үүсгэжээ. Эхэндээ Маргарет 1990 онд болох намын даргын сонгуульд дахин хүч үзнэ хэмээн мэдэгдэж байсан ч гишүүдийн дарамт шахалтаас үүдэн 1990 оны 11 дүгээр сард огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ “Хамтран ажиллагсадтайгаа өргөн хүрээнд зөвлөлдсөний эцэст  би кабинетийн гишүүд болон бусад гишүүдэд намын даргын төлөөх сунгаанд хүч үзэх боломжийг олговол намын эв нэгдэлд болон бүх нийтийн сонгуульд ялалтанд хүрэхэд илүү чухал юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ” гэсэн байна.  1990 оны 11 дүгээр сарын 28-нд Тетчер “Давнинг Стрийтийн 10” гэсэн хаягтай Ерөнхий сайдын ажлын байраа орхин нүүжээ.

Улс төрөөс гарсны дараах амьдрал

Албаа хүлээлгэн өгөөд тун удалгүй 1992 онд  Тетчерийг Лордуудын Танхимд томилж, Кестевений Баронесс Тетчер гэх цол олгожээ. Тэрээр дэлхийн том гүрний удирдагч, улстөрд зам гаргасан эмэгтэйн хувиар 1993 онд The Downing Street Years, 1995 онд The Path to Power хэмээх номоо бичиж хэвлүүлжээ. 2002 онд Тетчер Statecraft нэртэй олон улсын улстөрийн байдал, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн номоо хэвлүүлжээ. Мөн үед Тетчер хэд хэдэн удаа жижиг хэмжээний цус харвалт өгч байжээ. 2003 онд хагас зуун жил гаруй хамт амьдарсан нөхөр Денис нь таалал төгсч, Тетчерийн хувьд нөхөж баршгүй гарз тохиосон юм. Денис Тетчер нас барсны дараагийн жил Тетчер эртний анд, үнэнч холбоотон Роналд Реаганыг эцсийн замд нь үдэж өгсөн байна. Эрүүл мэнд дорой байдлаас шалтгаалан Реаганы оршуулах ёслолд биеэр оролцож чадаагүй ч Маргарет видео мэдэгдэл хийж, Реаганыг “Америкийн шархалсан нэр хүндийг, хийморь зоригийг анагаахыг чармайж, чөлөөт ертөнцийн хүч чадлыг сэргээн тогтоож, коммунизмын боолчуудыг чөлөөлсөн” эр хүн хэмээн сайшаасан гэдэг.

            2005 онд Тетчер 80 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Английн анхны Ерөнхий сайдын 80 насны баярт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Хатан хаан Хоёрдугаар Элизабет, тухайн үеийн Ерөнхий сайд Тони Блэйр болон өөр 600 хүн оролцсон байна. Эдгээрийн дотор Төмөр Хатагтайн найз нөхөд, гэр бүлийн гишүүд, ажлын хамтрагчид нь багтжээ. Энэ явдлаас хоёр жилийн дараа үзэл бодолдоо үнэнч, хүчтэй Консерватив удирдагч Тетчерийн барималыг Төлөөлөгчдийн Танхимд залжээ.

            Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндийн байдалд олон хүн санаа зовинох болсон юм. 2010 онд Ерөнхий сайд Дэвид Камерон түүний 85 насны төрсөн өдөрт зориулан “Давнинг Стрийтийн 10” тоот буюу албан байрандаа баяр зохион байгуулсан ч Тетчер хатагтай оролцож чадаагүй юм. 2010 оны 11 дүгээр сард 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хожим нь булчингийн маш зовиуртай үрэвсэл гэдэг нь тодорхой болсон байдаг. Өнгөрсөн онд хатагтай Тетчер Хунтайж Уйллямын хурим, Лондон хотод Роналд Реаганы уран барималын нээлт зэрэг томоохон үйл ажиллагаанд оролцсон байна.  2011 оны 7 дугаар сард Лордуудын танхим дахь Тетчерийн албан өрөө түр хугацаагаар хаагдсан байна. Ийнхүү хаалгаа барьсныг олон хүн Маргарет Тетчерийн олон нийттэй харилцах ажлын төгсгөл хэмээн үзэж байлаа. Цус харвалтаас үүдэн ой санамжаа алдах болсон Тетчер одоогоор Лондон хотын Белгравиад дахь гэртээ нам гүм амьдарч байна. Хэдийгээр Маргарет олон нийтийн хараанаас холдсон ч Британий хамгийн алдар хүндтэй, нөлөө бүхий улс төрийн удирдагчдын нэг хэвээр үлдсэн. Тетчерийн бодлого, шийдвэрүүдийг өнөөг хир нь дэмжигч, шүүмжлэгчдийн аль аль нь шүүн хэлэлцэж, түүний Их Британи болон дэлхий дахинд үлдээсэн баларшгүй сэтгэгдэл улам баяжсаар байгаа билээ.

Телевизийн дэлгэцнээ

Маргарет Тетчерийн тухай телевизийн нэвтрүүлэг, баримтат кино, УСК, жүжиг хүртэл олноороо бүтээгдсэн.  Иан Куртейсын “Фолкландын жүжиг” /2002/ жүжигт Патриша Хож, “Финчлей хүрэх удаан алхаа” /2008/ нэртэй телевизийн кинонд Андреа Райсбороу нар Маргарет Тетчерийн дүрд тоглосон байдаг. Мөн зөвхөн түүнд зориулж, түүний намтраар хийсэн 2 кино байдаг нь  2009 онд дэлгэцэнд гарсан “Маргарет”, 2011 оны “Төмөр Хатагтай” нар юм. Мерил Стрипийн Маргаретийн дүрийг бүтээсэн Төмөр Хатагтай кинонд Алзмейрийн өвчинөөр шаналж байгаа тухай өгүүлдэг билээ.  Эдгээрээс гадна Маргарет Тетчерийн тухай шог зохиол, шог зураг, нөхөр Денис Тетчерийн тухай жүжиг хүртэл тогтмол тоглогддог байсан байна.  Мөн 1980-аад оны сүүлээр хатагтай Тетчерийн бодлогыг эсэргүүцсэн уранбүтээлчид шог хошин дуу дуулж, бүр эдгээр бүтээлээрээ Тетчерийг суудлаас нь унагана хэмээн тэмцэж явжээ.

Хүүхдүүд: Британийн Ерөнхий сайд асан Маргарет, Сир Денис нарын охин сэтгүүлч, зохиолч, хэвлэл мэдээллийн ажилтан Карол Тетчер 1953 оны 8 дугаар сарын 15-нд төржээ. Тэрээр эцэг эх хоёрынхоо намтар номыг хэвлүүлж байсан бөгөөд эцэг Денис Тетчерийн хэвлэлд өгсөн ярилцлагыг эмхэтгэн баримтат кино бүтээсэн байна. Карол тав дахь удаагийн I’m a Celebrity… Get Me Out of Here! реалити шоунд оролцож ялагч болжээ. Тэрээр BBC One  телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 2009 онд халагдсан байна. Учир нь дэлгэцийн ард теннисчин  Жо-Вильфрид Тсонгаг арьсны өнгөтэй нь холбон доромжилсон үг хэлж, үүндээ уучлалт гуйхаас татгалзжээ. Каролын ихрийн өрөөсөн Хоёрдугаар Баронет, Сир Марк Тетчер залуудаа мото спортын тамирчин байснаа бизнест хөл тавьсан байна. Энэ эр экс Ерөнхий сайдын хүү гэдгээс гадна английн playboy-сын нэг гэдгээрээ олонд танигджээ. Марк Эквадорын Гвиней улсад төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт холбогдож, 500 мянган ам.доллараар торгуулан, 4 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. Тэрээр Техасын автомашины худалдаачин, саятан Теодер Бургдорфийн охин Лутерантай 1987 оны Валентины баяраар Лондон хотод гэрлэсэн байна. Тэд Өмнөд Африк руу нүүснийг Марк Тетчерийг бусдыг дарамтлан 4 сая фунт стерлинг олсон гэх шуугианаас зугатсан гэж тайлбарлах хүн олон байдаг. Марк, Лутеран нар 1989 онд Майкл, 1993 онд Аманда Маргарет гэх хүү охин хоёр төрүүлжээ. 18 жил хамт амьдарсныхаа дараа энэ хос хоёр тийш болох тухайгаа зарлаж, эхнэр Лутеран Бургдорф 2008 онд дахин гэрлэжээ.  2008 онд Майкл Тетчерийн үнэн нүүр царайг илчилсэн нийтлэл Sunday Telegraph сонинд гарчээ. Уг нийтлэлд Марк Тетчер Хатагтай Францис Русселл цолтой Сара Жейн гэх эмэгтэйтээ харилцаатай байсныг Лутеран мэдсэн учир энэ гэр бүл салсан гэжээ. Үүгээр барахгүй Марк Тетчер Бедфордын 13 дугаар хүн Жон Расселлийн бага хүүгийн эхнэр байсан энэ бүсгүйтэй нууцаар хурим хийсэн гэх мэдээлэл ч цацагддаг байна.