Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Бэлгээс бизнес болсон бүтээлч гарын түүх

Б.Мөнгөнсар 1-6 насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, үдээс үдэх, товчоо товчлох, сүлжиж сурах дадлыг олгодог, тоо бодох, өнгө ялгах, үсгээ таних зэрэг тоглож байхад нь л хөгжих боломжийг олгодог олон талын ач холбогдолтой номыг урладаг.

Хүүхэд гэдэг цагаан цаасанд сурахад хил хязгаар гэж үгүй тул энэ хэрэгцээг хангахын тулд тэрбээр өөрийн бизнесийг эхлүүлжээ.

Анх бизнес гэхээсээ илүүтэй хүүхэддээ зориулан хийсэн түүний бэлэг байсан гэнэ. Гурван хүүхдийн ээж тэрбээр охиноо найман сартай байхад нь номтой нөхөрлүүлэхээр даавуугаар анх ном хийж өгсөн нь өнөөдрийн бизнесийнх нь эхлэл болсон бөгөөд одоо номоос гадна зургийн жааз, хүүхдийнхээ төрсөн өдрийн баярт зориулан өлгөж болохуйц нэр бүхий ханын чимэглэл, номын хавчуурга зэргийг захиалгаар хийдэг ажээ.

Б.Мөнгөнсар МУИС-ийг хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн бөгөөд хүүхэдтэй ажиллаж байсан нь түүнд номынхоо агуулгыг илүү боловсронгуй болгож, танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл хийхэд нэмэр болдог байна.

Интернет, фэйсбүүкээс бичлэг үзэн даавуугаар анхны номоо хийжээ. Захаас өнгө өнгийн даавуу цуглуулахаар явсан ч ихэвчлэн энэ төрлийнх нь ор хөнжлийн даавуу хийхэд зориулсан багадаа гурван метрээр худалддаг байж таарч. Ингээд л заримыг нь багаар худалдан авахыг гуйж, заримаас нь өөдөс цуглуулан, хийсэн номоо өөрийн фэйсбүүкт байршуулсан нь олон хүний сонирхлыг татжээ. Ингээд л хүмүүс захиалга өгч эхэлсэн бөгөөд анх эхэлж байхдаа л гадаадаас хэд хэдэн захиалга аваад амжсан байна. Эндээсээ урамшаад 5 өнгийн даавуугаар хийдэг байснаа 10, хоёр утсаар хийж байсан бол 3 утастай болгох гэх мэтээр дахин хайлт хийж материал болон загвар, агуулгын тал дээр илүү баяжуулах боломжийг түүнд олгожээ.

Бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлгая гэвэл илүү цаг зарцуулж, илүү бүтээлч байх хэрэгтэй.

Б.Мөнгөнсар

“Оросууд энэ төрлийн бүтээлийг бусад улсаас их гоё хийдэг. Бүх зүйлийг нь гараараа детальчилж, оёдог, хатгадаг. Орос арга барилаар сурчихсан учраас хүмүүст маш бүтээлч харагддаг. Англид хэдий байдаг боловч хэтэрхий энгийн байдаг. Гэтэл орос арга барилаар хийчихсэн нь илүү үнэ цэнэтэй, бүтээлч харагддаг” хэмээн өөрийн арга барилын талаар хуваалцсан юм.

Даавуугаар хийдэг байхад маш их цаг болон ажиллагаа ордог байсан тул материал авдаг газраа өнгө өнгийн эсгий хэрэгтэй байгаа талаар хэлсэн байна. Удалгүй урлалын эсгий худалдаалдаг газрууд олноор нээгджээ. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд гарын жижиг булчин хөгжүүлэх, эсгийн ном, даавуун ном хийх хөтөлбөр, урсгал гарч эхэлсэн байна.

Эсгийгээр хийдэг болсноор ажлын бүтээмж өндөр болж хоёр өдөрт нэг ном хийдэг байсан бол өдөрт нэг ном гаргаад байх боломжтой болсон байна. Ажлын бүтээмж өсөхийн зэрэгцээ номоо олон хүнд хүргэж эхэлжээ.

Хэдийгээр бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж сайжирч, үйлчлүүлэгчдийн тоо өссөн ч тогтвортой бизнесээ явуулахад хүндрэл байсаар л байв.

Аз таарч фэйсбүүк дэх “Ээжүүдийн групп”-ээс зохион байгуулдаг “холио- солио” өдөрлөгт оролцон Б.Оюун-Ундрах бүсгүйтэй танилцсанаар түүнд шинэ үүд хаалгыг нээсэн байна. Гарааны бизнес эрхэлдэг Б.Оюун-Ундрах Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилттэй Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн сургалт, дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдан таван ханатай гэртээ эрхэлж байсан бизнесээ урлан болтол нь өргөжүүлсэн талаараа түүнд хэлжээ. Энэ мэдээллийг сонссон хэдий ч гурав дахь хүүхдээ төрүүлсэн тул шууд очиж чадсангүй. Ингээд намар нь тус төвөөр зочилж, шалгаруулалтад хамрагдсанаар олон зүйлийг суралцжээ.

Б.Мөнгөнсөр “Тухайн үед ганцаараа хийгээд болоод байсан ч үүнийгээ бизнес болгоё гэвэл хүрээгээ илүү тэлэх хэрэгтэй байлаа. Үүнийхээ төлөө бас боловсрох хэрэгтэй. Надад санхүүгийн ямар ч мэдлэг байгаагүй. Би зөвхөн хийж л чаддаг, бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулж чаддаггүй байлаа. Хоббигоо бизнес болгоё гэвэл илүү сурч мэдэх шаардлага үүссэн. Харин хэрхэн яаж гэдгийг сургалтаас олж мэдсэн. Бизнес болгохын төлөө алхам алхмаар урагшилж, ахисан төвшний сургалтуудыг энэ Төвийнхөө тусламжтай авч байна” хэмээн бизнесээ хэрхэн өргөжүүлсэн талаараа хуваалцсан юм.

Түүний баримталдаг зарчим бол бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлгая гэвэл илүү цаг зарцуулж, илүү бүтээлч байх. Тэрээр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийдэг учраас товч бүрийг нь тасраад уначихгүй, эдэлгээтэй байлгахыг зорьдог.

Зарим хүн түүнийг ялихгүй юманд ач холбогдол өгч байна гэх нь бий. Харин ялихгүй зүйлд анхаарал хандуулж байгаа нь өөрөө үнэ цэнэ гэдгийг тэрээр тайлбарладаг гэж байв.

Үүнийхээ ч үр шимийг Мөнгөнсар хүртдэг. Учир нь түүнээс бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгчдийн 40 хувь нь дахин худалдан авалт хийдэг, бүр гурван жилийн өмнө анх эхэлж байхад нь ном худалдан авсан захиалагч дахин ирсэн гэдгийг инээмсэглэл дүүрэн өгүүлж байна.

Тэр зөвхөн өөртөө ажлын байр бий болгоод зогсохгүй дүүгээ, өөрийн хорооны хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйг ажлын байраар хангадаг. Хамтран ажилладаг бүсгүйгээ хөгжлийн бэрхшээлтэй ч тэмүүлэл дүүрэн гэдгийг ч сэтгэл хангалуун хэлж байсан юм.

Хүүхэддээ зориулан хийж эхэлсэн, хүүхдийн сурч мэдэх, дадал зуршил болгох зүйлсийг тоглоомоор дамжуулан хүргэх гэсэн түүний бүтээлч гар, сайхан сэтгэл хөдөлмөрлөсөөр. Гурван жилийн хугацаанд бартаа саадыг туулан хийж буй түүний бизнес ирээдүйд олон хүүхдийн тоглох дуртай, том болсон хойноо ч нэхэн санах тийм л тоглоом байх болно.

“Хүүхдийн эсгий ном”

Утас: 99640499

Facebook: YamkhOkhinUrlan