НҮБ-ын цахим хуудсанд “Эмэгтэй хүүхдэд код хэрхэн бичихийг зааж өгвөл, тэр охин дэлхийг өөрчилнө” хэмээн бичжээ.
Дэлхий дахинд IT салбарт хүйсийн тэгш бус байдал их байгааг арилгах зорилгоор охид, эмэгтэйчүүдэд код бичих тухай үндсэн ойлголтыг заах, сургах давалгаа эхэлсэн.
Анх код бичиж чаддаг охид нэртэй эхэлсэн энэхүү хөдөлгөө код бичдэг өнгөт арьст охид гэх мэтээр нийгмийн хүрээлэл бүрт хүрч улам өргөжин тэлж байгаа билээ.
Тэгвэл манай улсад ч мөн адил эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах чухал байна.
Иймд Монгол улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлажээ.
Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх 5 дугаар сарын 1-нд эхлэх аж.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана. Үүнд:
- 16-20 настай байх
- Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй
- Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх
Сургалт 6 дугаар сарын 15-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girlscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.