Эмээгээс үлдсэн бодол
Эмээ мундаг аа. Өвдөнө гэж байхгүй. Ная насалж, бурхны оронд одох хүртлээ нэг ч шүд нь унаагүй тийм сайхан хүн байж билээ. Үеийнх нь хөгшчүүл юм идэхдээ амаа мурийлган хачин жигтэй улаан буйл гаргахад, эсвэл ёрдойсон 2-3 шүд гарган хооллоход би татаж унатлаа хөхрөөд эмээд загнуулдаг байж билээ. Надад шүдгүй хөгшчүүл үнэхээр элэг хөшөөм харагддаг байсан. Яагаад гэвэл миний эмээ хөгшин мөртлөө бүтэн шүдтэй учраас тэр шүү дээ.
Сургуульд сураагүй мөртлөө орос хэлтэй гэж байгаа. Үгийн язгуур, өгүүлбэрийнх нь бүтэц, зохион байгуулалт нь зөв атлаа хэлэхдээ жаахан хазгай ярина. Тэрнийг нь би их шоолно оо. Өөдөөс эмээ маань – Би та нар шиг ингэж заалгаж сурсан бол лав Ерөнхий сайд болчихсон байхгүй юу гэж хошигноно. Сүүлд Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш нэг удаа эмээ – Би өдийд ядаж 60 настай байсан бол бизнес гэж юу байдгийг энэ нутгийнханд нэг харуулахсан .. гэж шүүрс алдаж билээ. Эмээ тэгэхэд 80 дөхчихсөн байлаа.
Сэтгэлийн хатан тэвчээр гэж чухам эмээд маань байлаа. Алтан хэвлийгээсээ 11 хүүхэд гаргасан гэдэг. Амьд сэрүүн байгаа нь 5, үлдсэн нь бурхан болсны нэгээс бусад нь хүү байжээ. Өвөө маань тэр үеийн сэхээтэн байсан, ажил алба гэж их явдаг байсан учраас ар гэрийн бүхий л ажлыг эмээ амжуулна. Ажил хийхдээ дуртай гэж жигтэйхэн. Яг энэ чанарыг нь би өвлөсөн юм шиг байгаам. Ямар ч хэцүү ажлыг дуртай, сонирхолтой болгож хийхийг хүсдэг. Ингэсэн тохиолдолд тэр ажлын цаана гарах юу ч биш санагддаг аа.
Эмээд маань хийж чадахгүй, хэлж мэдэхгүй ажил, үг гэж байхгүй дээ. Жигтэйхэн цэцэн цэлмэг, бас их эрэмгий зоригтой хүн байсан. Орчин тойрныхондоо их нөлөөтэй. Хөдөөний хүн атлаа цаг үеэсээ хоцрохгүй. Хоёрхон жишээ авья л даа.
– 1988 он. Эмээгийн толгой наранд их халдаг, би өдөрт хэд хэдэн удаа шанагаар булгийн хүйтэн ус хийж өгдөг байлаа. Гадаа сууж ааруул хийхдээ, арьс элдэхдээ, бас айл хэсэхдээ эмээ байнга шүхэр /зонтик/ барина. Цэнхэр өнгөтэй, жижигхэн жижигхэн цэцэгтэй нарны шүхэр их гоё харагддаг байж билээ. Хөдөөний зарим нэг хэрэгт дуртай авгай нар эмээг маань битүүхэн шоолдог байсныг би санаж байна. Нэг удаа ичээд эмээгээс та хөгшин хүн байж зонтик битгий барь аа гэхэд эмээ – Үүнийг чинь гоёх гэж биш эрүүл мэндээ хамгаалах гэж хэрэглэдэг юм шүү дээ гэж билээ.
– Хөдөөний хөгшид зуны халуунд ч тэрлэгтэй байдагсан. Харин эмээ болохоор өөртөө гоё плаж хийж өмсөнө, бас болоогүй сийрсэн сандалаар гоёно. Дал гарчихсан, дээлтэй хэдэн хөгшчүүлийн дунд эмээ тавин хэдтэй юм шиг залуухан харагддаг байж билээ. Тэд цайнд ааруул дэвтээн идэж байхад эмээ хажууд нь өөхтэй мах алаглуулан хөшиглөсөн шиг ээ… инээж хуучлаад л… Үнэн тэнгэрлэг харагдана даа…
Яриад байвал тоймгүй…
Нэг л зүйлийг боддог юм. Би эмээгийн насан дээр тийм байж чадах болов уу гэж. Гэхдээ би саак эмээ болно оо… Яагаад гэвэл тийм мундаг эмээгийн охин муу явж болохгүй…
/сэтгэл сэмрээд, уйлмаар…/
Г.Солонго
Эх сурвалж: “Амьдралд өнгө нэмнэ” номоос