Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хэрхэн Парис хүүхэн шиг байх вэ?

Эмэгтэйлэг байдлаа хэзээ ч бүү алд

Эмэгтэй хүн бол байгалиасаа гоо сайхан төрсөн. Тийм байх ч заяатай. Энэ бол Франц эмэгтэйчүүдийн дүрэм. Тэд үс сайхан бол зүс сайхан, хувцаслалт бол өөрийнх нь толь, тусгал гэж үздэг. Тиймдээ ч хайш, яайш үсний засалттай, арзгар үстэй, пааргар хувцасласан эмэгтэйг Парисаас тийм ч олныг олж харахгүй. Эмэгтэйлэг харагдахад гадаад төрх хамгийн чухал гэнэ.

Гэхдээ эмэгтэйлэг төрх гэдэг нь тун гэгээлэг, энгийн байдал ба хэтрүүлсэн гангараа биш ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь өөртөө тохирсон донжтой хувцсыг сайхан арьс, цэвэрхэн будалттай хослуулсан өөртөө итгэлтэй, эрүүл амьдралын хэв маягтай бүсгүйчүүдийг илтгэсэн үг аж.

Сайхан хувцасласан нэгэн үргэлж харц өөдөө, нуруу тэнэгэр явдаг билээ.

Франц эмэгтэйчүүдийн ихэнх нь эрүүл, намирсан, нэг тийм донжтой үсний засалттай боловч богино цэвэрхэн будалттай хумсыг илүүд үздэг. Энэ нь тэднийг ихэд цэмцгэр, цэвэрхэн харагдуулдаг байна.

“Өөрийгөө яавал сайхан харагдаж болохоо мэдэж аваад, үргэлж биеэ цэмцгэр авч явахад анхаараарай. Өөртөө итгэлтэй байдал, хошин шогийн мэдрэмж, сониуч зан буюу нүдэнд харагдахгүй эмэгтэйлэг чанар хамгийн чухал нь. Үргэлж хамгийн сайныг хэрэглэж бай.” – Женнифер Л.Скотин

Гэртээ сайхан хувцаслаж, гэрийн ажил хийхдээ хормогч зүүх

Хоол хийхдээ ч, гэрийн ажлаа хийхдээ ч хормогчтой байхад хувцас муухай болохгүй. Үүний зэрэгцээ гэртээ ч цэвэрхэн, цэгцтэй хувцаслаж хэвших хэрэгтэй. Энэ бол Франц эзэгтэйн дэгжин амьдралын жор юм. Францчуудын хувьд хувцаслалтад ихэд ач холбогдол өгдөг. Тэд хэнтэй ч таарсан нүүр улайхааргүй хувцаслахыг эрхэмлэдэг ба тэр ч утгаараа гэртээ ч цэгцгүй байхыг хүсдэггүй аж.

Сайхан үнэрт сүрчиг

Таньд өөрийн гэсэн сүрчигтэй болохыг зөвлөж байна. Хэн нэгэнтэй мэндчилэхдээ түүнд ойртож, нөгөө хүнийхээ таашаадаг үнэрийг үнэртэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмжийг төрүүлдэг. Яг л түүний чухал нууцыг нь хуваалцаж, түүний өөрийн гэсэн эмэгтэйлэг чанар, дотоод ертөнц рүү сэм өнгийж үзсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ гайхамшигт зүйл бол үнэртэн юм.

Сайхан сүрчиг таны зиндааг илтгэнэ. Өөрийн дуртай үнэртэн, сүрчгийг хайж олох ажил ямар зугаатай гээч. “Энэ л яг миний үнэр мөн байна” гэж зөнгөөрөө мэдрэх тийм үнэрийг олбол биеэсээ хэзээ ч бүү салга.

Эх сурвалж: “Шик хатагтайн зөвлөгөө” номоос