Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Парис маягын минимал амьдрал: Жижиг шүүгээ ба цөөн, чанартай хувцас

Минимализмын гол агуулга нь тооны хувьд цөөхөн цэгцтэй байх үндсэн чанарыг чухалчилдаг. Парис маягын минимализмын чухал хэсэг нь тэдний дэгжин хувцаслалт юм. Тэд үрчгэр, муухай хувцасладаггүй. Та санаж байгаа бол Франц хүмүүс хамгийн дэгжин бас романтик хүмүүс. Тэгвэл тэдний хувцаслалтын гол нууц нь өөрийнхөө биеийн галбирт тохируулан донжтой, загварлаг хувцаслахад байдаг гэнэ.

Цөөхөн, чанартай хувцастай байх

Тэд улирал бүр өмсөх хувцсаа л шүүгээндээ ялгаж хийх бөгөөд хэрэггүй хувцсаа далд хийж, хуучирч, муудсан, дахиж хэзээ ч өмсөхгүй хувцсаа хаядаг байна. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ өөрт хамгийн ихээр зохидог чанартай брэндийн хувцсыг сонгож, түүнийгээ бусад хувцастайгаа хослуулан өмсөхийг илүүд үздэг байна.

Яг одоо та шүүгээгээ онгойлгоод үз. Таньд өмсдөггүй, хэрэггүй хувцас хэр их байна вэ?

Дараах хэдэн асуултын дагуу хувцсаа ялгаад үзээрэй.

– Энэ хувцас одоо ч надад таалагддаг хэвээрээ юу?

– Би энэ хувцсыг өмсдөг үү?

– Энэ хувцас надад таардаг бас зохидог уу?

– Энэ хувцас намайг бүрэн илэрхийлж чадаж байна уу?

– Надад зохидог, намайг сайхан харагдуулдаг өнгө юу вэ?

Эдгээр асуултыг өөрөөсөө асууж үзээд хувцаснуудаа харамсалгүй ялгаж, цэгцлээд үзээрэй. Ингэснээр хэзээ ч өмсөхгүй хэрнээ худалдаж авсан эсвэл олон жил болж, өнгө загвараа алдсан хувцаснуудаа ч хаяж, шүүгээгээ цэгцэлж чадна.

Дараа нь өөрт байгаа хувцаснуудынхаа донжийг олж өмсөх болон зөвхөн өөртөө зохих шинэ, чанартай хувцсаар шүүгээгээ чимэх боломжтой. Ингэж чадвал өглөө бүр тун цэгцтэй шүүгээ онгойлгож, хувцас сонгож өмсөхдөө ч цаг алдахгүй.

Өөрийн гэсэн стиль, хэв маяг, өөрт зохидог хувцсаа олж чадвал “Ямар хувцас авах вэ?” гэж эргэлзэж тээнэгэлзэхээ ч болино. Өөрийн гэсэн имиджээ бүрдүүлж чадсан хүмүүс илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй харагддаг.

Эх сурвалж: “Шик хатагтайн зөвлөгөө” номоос