- 2018 онд Их Британид төлөөлөгчдийн танхимын гишүүн, засгийн газрын сайд Лорд Бейтс парламентын хуралдаанд хоцорсон тул албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Тэрээр “Би парламентын хуралдааны үед асуултад хариулах ёстой үедээ, өөрийнхөө байрандаа байсангүй зохисгүй зан авир гаргасандаа гүнээ гэмшиж байна. Сүүлийн таван жилийн туршид засгийн газрын нэрийн өмнөөс асуултад хариулах нэр төрийн хэрэг байлаа. Засгийн газрын төлөөлөгчид бид хууль тогтоох дээд байгууллагаа шаардлагатай мэдээллээр хангах ажилдаа дээд зэргийн анхаарал, хүндэтгэлтэйгээр хандах ёстой гэж үздэг.” гээд Ерөнхий сайдад огцрох хүсэлт гаргахаа мэдэгдэн, танхимыг орхисон байна.
- Британийн Лордуудын танхимын гишүүн Лорд Адонис Их Британи улс Европын Холбооноос гарч байгаа нь өөрийг нь сонгосон тойргын сонгогчдын эрх ашигт нийцэхгүй байна. Хоёрт, Британийн засгийн газар амлалтаа биелүүлж чадахгүй байна хэмээн 2017 оны 12-р сарын 30-нд албан тушаалаасаа огцорсон байна.
- 2017 оны 11-р сард Болгар улсын парламентын залуу гишүүдийн нэг Деляан Добрев бүрэн эрхээсээ татгалзаж, огцрох хүсэлтээ өгсөн байна. Тус улсын хуулиар парламентын гишүүн огцрох хүсэлт гаргасан тохиолдолд, чуулганаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авах ёстой. Тэрээр Хасково хотын өндөр дээд албан тушаалд найз нөхөд, хамаатнуудаа томилсон гэх дуулиан нэр холбогдоод байжээ.
- Зүүн өмнөд Азийн Мьянмар улсад 2018 онд Засгийн газрын гишүүн Манн Жонни автомашины осолд орж, эрүүл мэнд доройтсон тул төрийн өндөр дээд албыг цаашид хашихад эрүүл мэнд тэнцэхгүй гэж хүсэлт гаргасан.
- Мөн Мьянмар улсын ХАА, мал, байгалийн нөөц, хамгааллын сайд Ба Хейн өөрийн хүсэлтээр огцорсон байна. Түүнийг хоёр жилийн хугацаанд байгаль орчны сайдаар ажиллахдаа сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, сургуулийн нээлт, орон нутгийн баярт л оролцсон гэсэн шүүмжлэл ард иргэдээс ирсэн тул ийм шийдвэрт хүрсэн байна.
Ийнхүү дэлхийн олон улс оронд ард түмнээс сонгогдсон улс төрчид хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, улс төрийн бодлоготой санал нийлэхгүй, түүнчлэн төрийн албыг хашихад эрүүл мэнд, мэдлэг боловсрол дутмаг байна гэсэн шалтгаанаар өөрийн хүслээр албан тушаалаасаа огцорч байжээ.